Өнгөрсөн долоо хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авсан билээ. Тэгвэл өнөөдөр /2018.06.11/ УИХ-дахь АН-ын бүлэг өмч хувьчлалаар хуралдахаар товложээ.
Төрийн өмчийг хувьчлах асуудалд маргаантай сэдэв их байгаа учир бүлгийн хурлаараа авч хэлэлцэн талуудаас мэдээлэл сонсоно гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн юм. Тодруулбал, ‘Төрийн банкыг жилд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байхад нь яагаад ингээд гэнэтхэн хувьчлах болчихов. Хувьчлах үнийн дүн ч асуудалтай байгаа. Монголын хөрөнгийн бирж 2015, 2016 онд дөрвөн тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Гэтэл 2017 онд гэнэт 233 сая төгрөгийн алдагдалтай болгоод, хувьчлах тухай асуудал оруулаад ирэв. МИАТ 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байхад яагаад гэнэт 38 тэрбум төгрөгөөр нэг хэсгийг нь шууд стратегийн гэдэг нэрийн дор худалдах шийдвэр гаргах гэж байгаа юм. Тиймээс эдгээр маргааантай асуудлыг Ардчилсан намын бүлэг бүлгийн хурлаараа авч хэлэлцэнэ’ гэдгийг тэрбээр тодотгож байсан юм.
Мөн уламжлалын дагуу УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах товтой байгаа ч бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.