Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Филиппин улсын Манила хотод болж байна.
Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцож байгаагаас Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан юм.
ДАШТ-ий хоёр дахь өдөр /2018.06.09/ Монгол Улсын баг Канад, Филиппиний багтай тоглож, анхны хожлоо авч түүхэн ялалтыг авснаар монголчууд сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд гарсныг нотолсон чадсан.
50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д манай залуус эхний тоглолтоо Канадтай хийж, 21:15 онооны харьцаагаар ялагдсан. Тэгвэл хоёр дахь тоглолт тэмцээнийг зохион байгуулагч Филиппин улсын баг байсан юм. Олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожих хүндхэн даалгавартай гарсан Монгол Улсын баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, 21:15 онооны харьцаагаар үндсэн цаг дуусахаас өмнө ялалтыг авсан. Энэ ялалт монголчууд багийн төрлөөр ДАШТ-д оролцож, цаашлаад ялалт авч болдог гэдгийг харуулж өгсөн юм. Энэхүү ялалтын дараа олон мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө “Токио 2020” олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр оролцох боломжтой гэдэг итгэл найдварыг өгсөн билээ.
Тэгвэл өнөөдөр С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцож буй Монгол Улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийнэ. Мөн энэхүү тоглолтоос шалтгаалан цааш өрсөлдөх багууд тодрох юм. Учир нь “С” хэсгийг Канад хоёр хожил авсан амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ, Монгол, Филиппин нэг хожилтойгоор удаалж байна. Харин Бразилын залуус эхний хоёр тоглолтоос хожил авч чадаагүй байгаа.
Өнөөдөр Монгол-ОХУ, Монгол-Бразилын тоглолтууд Улаанбаатарын цагаар 15:30, 17:10-с тоглолтууд болно.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтсан бөгөөд FIBA 3×3 ДАШТ-ий мэдээллийг http://www.fiba.basketball/3x3WC/2018/games сайтаас аваарай.