Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсад болсон хамтарсан бэлтгэл, олон улсын тэмцээнээ өчигдөр өндөрлүүллээ. Хоёр сарын өмнө Атырау хотоос эхэлсэн баг тамирчид Астана хотод тэмцээнээ дуусгалаа.
Дасгалжуулагч Х.Хайнарын удирдсан багт А.Нурлан, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг, Ц.Мөнхбаатар нарын тамирчид багтсан юм.
Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн зургадугаар сарын 5-10-ны өдрүүдэд Астана хотод боллоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ.
Уг тэмцээнд 15 орон оролцсон бөгөөд зохион байгуулагч орон жин тус бүрт шилдэг тамирчдаа оролцуулж тэмцээнийг өрсөлдөөнтэй болгожээ. Мөн Узбекистан улсаас олимпийн хоёр аварга, ДАШТ-ий медальт тамирчдаа илгээсэн байна. Түүнчлэн АНУ, ОХУ, Филиппин, Тайланд, Япон, БНХАУ, Беларус, Швед, Кыргызстан, Тажикстаны баг тамирчид ч мөн жин тус бүрт шилдэг тамирчдаа оролцуулжээ.
Тэмцээний эхний өдрөөс томоохон өрсөлдөөн гарч байсан бөгөөд манай боксчдоос Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын медалийн буухиаг Астанад үргэлжүүлэв.
Дасгалжуулагч Х.Хайнерын удирдлага дор боксчид “Улаанбаатар цом” Олон улсын тэмцээний өмнө Казахстаны Атырау, Алматы, Астана хотуудад цуврал тэмцээнд амжилттай оролцсоноос гадна хоёр сарын турш хамтарсан бэлтгэлийг хийсэн юм.
Атырау хотод тавдугаар сарын 1-д болсон олон улсын тэмцээнээс А.Нурлан алтан медаль хүртэж, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг нар хүрэл медалийн эзэд болж гараагаа эхлүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр Астана хотод Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэж, хоёр сарын үргэлжилсэн цуврал тэмцээн өндөрлөлөө.
Баг тамирчид энэ долоо хоногт эх орондоо ирнэ.