Хоёр жилийн өмнөөс монголчууд шинэ оныг хүлээлттэй угтдаг болсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшуулал юм. Худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн баримтыг алгасалгүй бүртгүүлж, НӨАТ-ын баримт өгөөгүй бизнес эрхлэгчидтэй цөөнгүй удаа маргалдан, жилийн турш чамгүй хичээл зүтгэл гаргасны дүнд бид энэ урамшууллыг хүртдэг. НӨАТ-ын гол агуулга нь улс татвараа бүрэн авдаг болох, эдийн засагт урсаж буй мөнгө бүрийг бүртгэн далд эдийн засгийг илрүүлэхэд чиглэж байгааг албаныхан хэлж байсан юм.
Нэг үеэ бодвол иргэд бараа үйлчилгээ худалдан авахдаа баримтаа авдаггүй байснаа өнөөдөр олонх нь нэхдэг болжээ. Гэсэн хэдий ч үйлчилгээний зарим байгууллага НӨАТ-ын урамшууллын системд холбогдоогүй гэж иргэдийн амыг таглах тохиолдол олон. НӨАТ-ын баримтыг томоохон зах, дэлгүүр өгөхгүй байна гэсэн иргэдийн шүүмжлэл байнга гардаг. Хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдэж байгаа томоохон зах, дэлгүүрүүд НӨАТ-ын баримт хэр өгдөг вэ. Ийн хоёр жилийг ардаа үдсэн НӨАТ-ын хэрэгжилт хэр байгаа талаар сонирхохоор ‘Нарантуул” болон “Сандэй плаза” зэрэг томоохон худалдааны төвөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. “Нарантуул” захын гаднах сүүдрэвчинд жимс, жимсгэнэ, самар зарж зогсох хүмүүс худалдан авагчдыг урин дуудна. Хөл хөдөлгөөн ч гэж жигтэйхэн их. Хөлс нь урсаж, нүүр нь улайсан хүмүүс тус захын төв хаалгаар чихцэлдэх шахуу орж харагдлаа.
“Нарантуул” захад арван мянган хүн өвлийн хүйтнийг, зуны аагим халууныг үл ажран, амьдралаа залгуулахын тулд лангуу түрээслэн ажилладаг. Хөл эргэх зайгvй хvмvvс бужигнана. Хүмүүс ам амандаа үглэцгээнэ. “Яасан их хүнтэй юм бэ?”, “Халуун байна?“, “Алив зөрөөдөхье!” гэж өндөр дуугаар хажуугаар түлхээд унагах нь холгүй, зарим нь хөл дээр гишгээд уучлалт гуйх нь байтугай шилбэлзээд өнгөрөх нь энүүхэнд. Нэгнийхээ хөл дээр гишгэлж, бухимдсан олон их.
Харин тус захад бар кодтой баримт хэвлэж өгөх лангуу алга. Харин оронд нь зарлагын баримт өгч болно гэсэн худалдаачид л байна. Тэдгээр худалдаачдын хариулж буй тайлбар нь “Манайх байгууллага биш хувь хүн. Иймээс НӨАТ төлдөггүй. Худалдан авалт хийсэн хүмүүс ч огт баримт асуудаггүй” гэцгээж байв. Энэ асуудал өөрсдөд нь хамаагүй хэмээн тэд үзэж байгаа бололтой.
‘НӨАТ-ын баримтыг худалдаа, үйлчилгээ үзүүлж байгаа хүн бүр өгөх ёстой биш үү’ гэх асуултад ‘Нарантуул’-ын наймаачин Б.Болдбаяр “Би хувиараа борлуулалт хийдэг учир энэ асуудал надад хамаагүй. Тэглээ ч баримтыг заавал тусгай машин авч байж хэвлэж өгөх юм гэсэн. Хувиараа наймаа хийж, хэдхэн төгрөгийн ашиг харж суугаа бид тэр үнэтэй төхөөрөмжийг авч чадахгүй” гэж хариулав.
Тус захаар худалдан авалт хийж буй иргэдээс НӨАТ-ын баримтаа асуудаг эсэх талаар лавлалаа.
Иргэн Б. Батсайхан “Би өнөөдөр 200 гаруй мянган төгрөгөөр бараа худалдан авлаа. Өмнө нь НӨАТ-ын баримт авъя гэж асууж байсан. Тэгсэн баримт гаргадаг машин байхгүй гэж хэлж байсан удаа бий” гэв.
Иргэн Ж.Батхишиг “НӨАТ-ын баримтаа асуухад зарим худалдаачин нар дургүй байдаг. Баримт өгөхийн оронд бараагаа хэдэн төгрөгөөр хямдруулаад өгдөг” гэлээ.
Иргэн н.Гангэрэл “Аяллын цүнх худалдаж авлаа. НӨАТ-ын баримт асууна гэж ер санаанд орсонгүй. Дэлгүүрээс ундаа авахдаа хүртэл баримтаа нэхдэг. Харин ил зах болохоор нь баримт өгдөг гэж санасангүй’ гэв.
НӨАТ-ын хуулийн дагуу иргэд бараа үйлчилгээ худалдан авах бүртээ баримт авах ёстой. Ганц талх худалдан авсан ч баримт авч болно. Харин “Нарантуул” захын наймаачдын хувьд бар кодтой баримт нэхвэл бараг уурлах шинжтэй.
Ингээд ‘Нарантуул’-аас гарч, “Сандэй плаза” худалдааны төвд очиход 17.00 цаг болж байв. Тус худалдааны төвийн бэлэн хувцасны лангууны түрээслэгч хэлэхдээ “НӨАТ-ын баримт авъя гэж байгаа хүн цөөхөн. Утаснаасаа баримт олгож болно гэж татварын албаныхан хэлсэн. Гэхдээ энэ нь бидэнд түвэгтэй шүү дээ” гэлээ. “НӨАТ өгдөггүй. Одоохондоо НӨАТ гаргах төхөөрөмжийг тараагаагүй л байна. Хүмүүс худалдан авалт хийхдээ баримт нэхдэггүй”, “Хувийн лангуунууд яаж татвар төлөх юм. Ямар аж ахуйн нэгж байгаа биш” гэж тус худалдааны төвийн худалдаачид хэлж байв.
Иргэн Л.Алтанцэцэг “Хэдэн юм худалдаж авсан. Ямар ч баримт өгөхгүй байна лээ. Баримт асуухаар жижиг лангуу, дээрээс нь НӨАТ-ын машин байхгүй гэдэг. Томоохон дэлгүүрүүд бол баримт нэхэхгүйгээр өгдөг. Угаасаа баримт өгдөггүй болохоор асуугаагүй” гэв.
Иргэн Д.Бямбаханд “НӨАТ-ын баримт өгдөггүй байх гэж бодоод асуудаггүй” гэв. Харин иргэн Д.Түмэнжаргал “Өөрсдөө хувиараа наймаа эрхэлж байгаа хүмүүс учраас баримт өгдөггүй байх гэж боддог байсан” гэж хариулж байлаа.
Энэ талаар Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунжаргалаас дараах асуултад хариулт авлаа.
Баримтаа өгөхгүй байна гэдэг нь татвараас зайлсхийж байна гэсэн үг
-НӨАТ-ын шинэ хууль хэрэгжээд хоёр жил өнгөрлөө. Томоохон зах, худалдааны төвүүд НӨАТ-ын хуулийг хэр биелүүлдэг вэ?
-Ерөнхийдөө томоохон татвар төлөгчид жигдэрсэн байна. НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Бизнес эрхэлж бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж л байгаа бол төлбөрийн баримтыг олгох ёстой. Өнгөрсөн жил “Барс” худалдааны төв татварын албатай хамтраад цахим төлбөрийн системд холбогдсон. “Баялаг-Ундраа” худалдааны төв мөн адил системд холбогдсон. Одоогоор “Меркури” зах шууд банкны картаа уншуулаад баримт нь хамт гардаг системийг нэвтрүүлээд явж байна. Зах худалдааны төв, үсчин гоо сайхан, дэлгүүр байна уу бүгд л цахим төлбөрийн нэгдсэн системд холбогдсон байх ёстой. Баримтаа өгөхгүй байна гэдэг нь татвараас зайлсхийж байна гэсэн үг. Монгол Улсад далд эдийн засаг өндөр хувьтай байна гэж яриад байдаг нь энэ.
-Тэгэхээр “Нарантуул”, “Сандэй плаза” худалдааны төв цахим төлбөрийн нэгдсэн системд холбогдоогүй гэсэн үг үү?
-“Нарантуул” олон улсын худалдааны төвийг цахим төлбөрийн системд холбох бүрэн боломжтой. Баянзүрх дүүргийн татварын хэлтэс тус зах дээр ажиллаж байгаа. Худалдаачид хэлэхдээ “Төхөөрөмж авах мөнгө байхгүй гэж хэлдэг”. Тэр чинь борлуулалтаа ил болгох хүсэл сонирхол байхгүй байна гэсэн үг. “Сандэй плаза” мөн адил системд холбогдсон.
-Худалдааны төвүүд үйлчлүүлэгч нарт НӨАТ-ын баримт өгөхгүй тохиолдолд иргэд хаана хандах ёстой вэ?
-Бизнес эрхэлж бараа бүтээгдэхүүнээ борлуулж л байгаа бол иргэдэд төлбөрийн баримт заавал өгөх ёстой. Иргэд 1800-1288 дугаарын утсаар холбогдож, гомдол гаргаж болно. Хамгийн гол нь баримт хэвлэж өгөөгүй тухайн байгууллагын хаягийг мэдэж байх шаардлагатай. Бид ирсэн гомдлыг заавал барагдуулаад явдаг. Иргэд маань шатахуун авахад баримт өгдөг гэж мэддэг. Тэгсэн мөртлөө үсчин, нотариатын газар, зах худалдааны төвүүдээс баримт авахаа мэдэхгүй байна. Удаа дараалан баримт өгөхгүй байгаа иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 150 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг сая 500 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай байгаа.
-Зах худалдааны төвийн худалдаачид баримтаа ямар шийдлийг ашиглан хэвлэж өгөх боломжтой бол?
-Хэрэглэгчийн систем нийлүүлэгч байгууллагууд янз бүрийн шийдэлтэй төрөл бүрийн аргыг санал болгож байгаа. Ер нь хамгийн боломжит хувилбар бол бэлэн бусаар /картаар/ төлбөр хийхэд автоматаар баримт бүртгэгдэх шийдэл гэж бид харж байна. Яг ийм шийдлийг “Меркури” зах дээр хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр жирийн иргэд төдийгүй худалдаа эрхлэгчдэд давуу тал бий болж байгаа. Худалдаа эрхлэгчдийн бүх гүйлгээ банканд бүртгэлтэй учраас хар дэвтэр хөтлөхгүйгээр орлого зарлагаа банкинд мэдэгдэж, бизнесээ өргөжүүлэх зээл авах тал дээр хялбар болно. Мөн гар утасны аппликейшныг түгээмэл ашиглаж байна. Худалдаа эрхлэгчид хэд хэдээрээ дундаа нэг блүтүүт принтер ашиглаад гар утаснаасаа бараа бүтээгдэхүүний нэр, үнийг өөрөө оруулаад баримтаа хэвлээд өгчхөж болно.
Хэдийгээр татварын албанаас томоохон зах, худалдааны төвүүдийг энэ системд холбосон ч захын түрээслэгчид болон захиргааны идэвх санаачилгагүйгээр энэ ажил урагшлахад саад болж байгаа бололтой. Иргэдийн энэхүү тоомжиргүй байдал эдгээр худалдаа эрхлэгчдийг өөгшүүлж буйг албаныхан хэлсээр байгаа. Тэд ч Монгол улсын хуульд захирагдах учиртай.
Хотын захын хорооллын жижиг түргэн үйлчилгээний цэг хүртэл НӨАТ-ын баримт өгч байхад өдрийн орлого нь хэдэн зуун мянгаар тоологддог хүнс, барааны лангуунууд өгөхгүй байна гэдэг шударга ёсонд нийцэхгүй гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна.
Тэд орлогоо нуух гэсэндээ юу үнэхээр маш бага орлоготой тул төхөөрөмж авах боломж байхгүй юу, ямартай ч НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд хойрго хандацгааж байна. Борлуулалтаа нуух нь тэдэнд ч, эдийн засагт ч сөрөг үр дагавартай гэдгийг албаны хүмүүс сануулсаар.