УИХ-ын хаврын чуулганы бүрэн эрхийн хугацааны гуравны хоёр нь хэдийнэ өнгөрчээ. Уламжлал ёсоор наадмын өмнөхөн гишүүд амралтаа авдаг. Хаврын чуулган завсарлахад ердөө сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд М.Энхболдын парламент юу амжуулав, энэ парламентаас хүлээх иргэдийн хүлээлт юу болов.
УИХ-ын хаврын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээж, долдугаар сарын 1-нд завсарлуулдаг. Энэ парламентын хаврын чуулганаар 20 орчим гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр жагсаалтыг баталсан. Тухайлбал, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтад:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
- “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
10. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
11. Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
12. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл
13. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
14. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
15. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
16. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
17. Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
18. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл
19. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
20. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл
21. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл
22. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
23. Бусад гэх асуудлуудыг багтаасан.
Хуулийн дагуу хаврын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэх ёстой хэд хэдэн чухал асуудал бий. Дөрөвдүгээр сарын 5-нд чуулган эхэлснээс хойш тоолбол хоёр сарын хугацаанд Монголын парламент “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон Элчин сайдуудын томилгоог хэлэлцсэн.
Мөн УИХ-ын даргын захирамжаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн маргаан, Арбитрын шүүхийн шийдвэрийг шалгах, мөн Оюутолгойн гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах Ажлын хэсгүүдийг байгуулсан. ‘Тус ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгаа’ гэдгийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд сануулж байлаа. Дээрх хоёр ажлын хэсэг шалгалтын дүгнэлтээ хаврын чуулганы төгсгөлд танилцуулах учир нийгэмд хүлээлт болж байгаа гэж тодотгож болно.
Хаврын чуулгантай зэрэгцэн яригдсан хуулийн төсөл болох УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж багагүй хугацаа авав. Тодруулбал, хүчингийн хэрэгт холбогдсон гэх нэр бүхий УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хаврын чуулгантай зэрэгцсэн босож ирсэн юм. Гэвч уг асуудлыг шийдвэрлэхэд “Хуулийн мухардалд” орсон гэдэг тайлбараар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрэв. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгтэй холбогдуулан прокуророос бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д тавьсан боловч прокурорын санал нь хүчингүй болсон хуулийн заалт буюу УИХ-ын тухай хуулийн 6.9.1-д үндэслэсэн учир энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон юм.
Ингээд уг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан санаачлан УИХ-аар хэлэлцүүлж, тавдугаар сарын 3-ны өдөр баталж, улмаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнгөрөгч баасан гаригт (2018.06.08) холбогдох дэд хороо, байнгын хороодоор хэлэлцэж улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн ч УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Угтаа дээрх хуулийн мухардлыг арилгахын тулд хаврын чуулганы хугацаанаас нэг сарыг зарцуулсан гэхэд болно. Энэ нь М.Энхболдын парламентын түүхэнд хараар тэмдэглэгдэх үйл явдал мөнөөс мөн юм. Тэр тусмаа явуулахгүй гэсэн кноп дарсан гишүүдийн хувьд шүү дээ.
Уг нь цаг хугацааг эрхэмлэдэг, ажил хэрэгч парламентын хувьд ихийг амжуулах хаврын чуулган байх байлаа. Учир нь иргэд тэднээс улс төр, эдийн засгийн реформ хүлээлтэй удаж байна. Харамсалтай нь, хүчингийн гэх хэрэгт холбогдсон хоёр гишүүнээ авч үлдсэн нь М.Энхболдын парламентаас юу ч хүлээх хэрэггүй гэсэн ойлголтыг нийгэмд үлдээлээ. Хаврын чуулганаар Сонгуулийн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь энэ парламентын гэрийн даалгавар болсон. Гэвч, дээрх чухал хууль, тогтоолын төслүүд сураггүй, үүргээ гүйцэтгэж чадаагүй парламент үүргэлсээр байгаад чуулганыг өндөрлүүлэх бололтой. Ялангуяа Үндсэн хуулийн асуудал огт хөндөгдсөнгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт байгуулагдсан ч сураг тасраад удаж байна. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ярих нь байтугай бэлтгэл ажил нь ч хангагдаагүй гэж хэлж болно. Эдийн засгийн зүтгүүр болох ёстой том төслүүд тодорхойгүй хэвээр. Засгийн газар хэзээ УИХ-д төслөө өргөн барих, УИХ нь энэ асуудалд хэрхэн хандах нь ойлгомжгүй байгаа. Уг нь МАН томоохон төслүүдээ хөдөлгөнө гэдэг ам, өчиг өгч байгаад 65-уулаа сонгогдсон. Гэтэл Төрийн ордонд ‘порно’ хэлэлцэх гишүүдийн хувьд хэн ч том төслүүд яав, Үндсэн хуулийн өөрчлөлт хаачив гэсэн хайж сурч байгаа хүн алга. Энэ мэтээр голлох том асуудлуудыг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар шийдэж амжсангүй. Үлдсэн сар хүрэхгүй хугацаанд дээрх чухал хуулиудыг баталж чадахгүй бол МАН 65 суудалтай байгаад ч яалтай. Хийсгэж чадахгүй бол салхи байгаад ч яалтай гэгчээр хийж чадахгүй бол 65 байгаад ч хэрэггүй.