Хоёр хөршийн маань тэргүүн нарын харилцаа бал сараа тэмдэглэж буй хос ч атаархмаар гал халуун байна. БНХАУ түүхэндээ анх удаа “Найрамдал” одонг бий болгож энэ одонгийн анхны хүндэт эзнээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг тодрууллаа. Монгол Улсын гадаадын иргэдэд олгодог “Найрамдал” медальтай утга, агуулга ижил энэ одонг Хятад улс 2016 онд бий болгосон ч өнөө болтол эзэн тодроогүй байсан юм.
2000 оноос хойш Владимир Путин Хятадад төрийн айлчлал болон олон улсын өндөр дээд хэмжээний арга хэмжээний оролцохоор 18 удаа очсон бөгөөд энэ удаагийнх нь 19 дэх нь юм. Чиндао хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын өмнөх өдрүүдэд Владимир Путин Хятадад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Бээжин, Тяньжин хотуудад зочилсон. Бээжин хотоос Тяньжин руу хоёр тэргүүн Хятадын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн гайхамшигт тооцогдож байгаа хурдны галт тэргээр зорчин, цайлж байгаа бичлэг, мөн Тяньжин хотноо Путин бууз чимхэж байгаа бичлэг олны нүдийг хужирлалаа.
Харин манай Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Чиндао нь тангаргаа өргөснөөс хойших анхны албан айлчлал. Гэхдээ л ажлаа авсан нэг жилийн хугацаанд Путин Ерөнхийлөгчтэй хоёр удаа уулзаад амжсан. Гурав дахь удаагаа сая Чиндаод уулзлаа. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хоёр удаагийн уулзалтын үр дүнг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо зохиогдсон “Монгол-Оросын санаачилга” арга хэмжээ илтгэлээ. 1990 оноос хойш Сүхийн талбай ийм олон орос хүний хөлд дарагдаагүй. Газар тариалангийн хүчирхэг текникүүд, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, хүнс болон өргөн хэрэглээний барааны үзэсгэлэн нээгдсэн. 70 гаруй жил Оросын соёл, урлагаар амьсгалж ирсэн монголчуудын урлагийн цангааг Моисеевын нэрэмжит бүжгийн чуулгын тоглолт жинхэнэ утгаараа тайллаа. 1920 оноос хойш хоёр гурван үеэрээ оросуудын нөлөө, хүчин дор амьдарсан монголчууд хойд хөршөө ихээхэн санагалзаж байснаа ойлгох шиг боллоо.
Бараг 10 жил шахам ярьсан төмөр замын транзит тээврийн тарифт хөнгөлөлт үзүүлэх түүхэн хэлэлцээрт Орос, Монголын Засгийн газрын холбогдох сайдууд гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийн дагуу монголчууд Оросын нутгаар дамжин тээвэрлэх төмөр замын ачаандаа 52-66 хувийн хөнгөлөлтийг 2043 он хүртэл эдлэх эрхтэй болж байгаа юм. Энэ дашрамд Си Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Хятадын нутгаар дамжин далайн эргийн боомт хүрэх Монголын транзит тээврийн тарифыг 40 хүртэл хувиар хөнгөлөх амлалт өгч байсан. Харин энэ ажил ямар шатандаа явж байгаа талаар тодорхой мэдээлэл алга байна.
Монголын гадаад худалдааны балансад өмнөд хөрш Хятад хэт давуу оролцоотой нь эрүүл бус үзэгдэл хэмээн олон жил ярьж ирсэн. Харин энэ байдалд нааштай өөрчлөлт гарах нөхцөл бүрдэж эхэлж байгаа нь үнэхээр сайшаалтай. Энэ оны эхний улирлын дүнгээр Орос, Монголын төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ хоёр дахин өссөн байна.
Гэвч бид ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэй. Хүссэн ч хүсээгүй бүхий л харилцаа, тэр дундаа эдийн засгийн харилцаа маань хоёр хөршөөс дэндүү хамааралтай. Гурван улсын хамтран хэрэгжүүлэхээр 2016 онд тохирсон Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь энэ хамаарлыг утга учиртай болгох нэг гарц юм.
Чиндаод Монгол, Орос, Хятад гурван улсын тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр ч 2016 онд тохирсон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн нэхэгдлээ.
Гурван улсын тэрүүн нарын гурвалсан уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар ШХАБ-ын дээд хэмжээний саммитын үеэр хийж ирсэн. Анхных нь 2014 онд Тажикистаны Душанбед, дараагийнх нь 2015 онд Оросын Уфад, 2016 онд Узбекистаны Ташкентад уулзсан бөгөөд харин өнгөрсөн 2017 оны Астанагийн саммитын үеэр гурвалсан уулзалт болоогүй юм. 2016 онд Ташкентад зурагдсан Эдийн засгийн коридорын хүрээнд тохирсон ажлуудын хэрэгжилт маш хангалтгүй байсан нь 2017 оны уулзалт болоогүй бодит шалтгаан юм. 2016 онд Монгол Улсад парламентын сонгууль болж, төрийн байгууллагад ихээхэн халаа, сэлгээ хийгдсэн нь бидэнд бол ойлгомжтой, харин гаднын түншүүдэд бол ойлгомжгүй шалтгаан юм.
Эдийн засгийн коридорын хүрээнд тохирсон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг яаравчлуулахаас гадна Монголын нутгийг дайруулан нефть, байгалийн хий дамжуулах хоолой тавих хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга тавьсныг Оросын талаас ерөнхийд нь дэмжиж байна, гэхдээ нарийвчлан судлах шаардлагатай гэсэн хариултыг Путин Ерөнхийлөгч өгчээ. Нефть, байгалийн хий дамжуулах хоолойн асуудал шинэ сэдэв биш. Аль 1990-ээд оны сүүлээр тухайн үеийн ЮКОС компанийн тэргүүн Михаил Ходорковский энэ асуудлаар Монголд ирж байсан удаатай.
Хятадын байгалийн хийн хэрэгцээ их байгааг Хятадын Шинэчлэл, хөгжлийн хорооны тэргүүн Хэ Лифэн энэ оны эхээр Оросын ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн бөгөөд энэ хэрэгцээг Төв Азийн орнууд, ОХУ, мөн Ази, Номхон далайн бүсийн орнуудаас импортлохоос өөр аргагүй гэдгийг онцолсон байна. Өнгөрсөн 2017 онд Хятад улс 237 тэрбум куб.метр хий импортолсон нь өмнөх 2016 онтой харьцуулахад 14 хувиар өссөн дүн юм.
Гэсэн ч байгалийн хий дамжуулах төслөө хоёр хөрш маань аль хэдийн эхэлчихсэн яваа юм. Оросын байгалийн гол тоглогч “Газпром”, Хятадын CNPC хоёр 2014 оноос хамтран ажиллаж, Оросын талаас хоолой барих ажлын гуравны хоёр нь хийгдчихсэн байгааг “Газпром” энэ хавар мэдээлсэн. “Сила Сибири” хоолойгоор Якут болон Эрхүү муж дахь ордоос Хятад руу хий нийлүүлэх бөгөөд урьдчилсан байдлаар жилдээ 38 тэрбум куб.метр хийг 30 жилийн турш дамжуулах төлөвлөгөөтэй байгаа юм. “Газпром”-ын хувьд баруун болон зүүн гэсэн хоёр маршрутаар Хятад руу хий дамжуулах хувилбарыг эртнээс ярьж ирсэн байдаг. Баруун чигийн маршрутын хувьд Туркмен улс аль хэдийн хоолойгоо тавиад маш хямд үнээр Хятадын баруун бүс нутаг руу хий нийлүүлээд удаж байна. Олон улсын Эрчим хүчний агентлаг Оросуудын зүүн маршрутын хийн хоолой маш ирээдүйтэй гэсэн тооцоог хийсэн байдаг. Тэдний тооцоогоор 2040 он гэхэд “Газпром”-ын Европ зүгийн нийлүүлэлт 60 хувиар буурч, харин Хятад руу хийх нийлүүлэлт 75 хувиар өснө гэжээ. Яагаад гэвэл 2040 он гэхэд Хятадын байгалийн хийн хэрэглээ 2,8 дахин нэмэгдэж, импорт нь 50 хувиар өсөх ажээ. Энэ өсөлтийг хэрхэн хангах тооцоог оросууд хийж суугаа нь гарцаагүй. Гэхдээ байгалийн хийг олон улс дамжуулан тавих нь зөвхөн эдийн засгийн биш бас улс төрийн асуудал гэдгийг Украины жишээн дээрээс бэлхнээ харсан учраас бидний саналыг хүлээж авах магадлал тун бүрхэг.