Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д эхлэхэд гуравхан хоног үлдлээ. News агентлаг 21 дэх удаагийн ДАШТ-ийг угтан цуврал ярилцлага уншигчдадаа хүргэж буй. 1982 оноос эхлэн Германы шигшээ багийг дэмжиж ирсэн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарын ярилцлагыг эхний дугаарт хүргэсэн. Тэгвэл энэ удаа хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн менежер Б.Учралсайхантай ярилцсанаа хүргэе.
-Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд цөөн хоног үлдлээ. Монголын хөл бөмбөгийн фанатуудад нь зориулсан арга хэмжээ цөөнгүй зохиож байгаа?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтаж Монголын фанатуудад зориулж, “Fan day” өдрийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг танилцуулахад анхаарлаа. Дотоодын лигийн тэмцээнд оролцож байгаа болон шигшээ багуудаа танилцууллаа. Монголын хөлбөмбөгийн түүхэнд үлдсэн шигшээ багийн өмсгөл, хувцсыг олон нийтэд дэлгэн үзүүлээ. Үүнд 1958-1960 оны хооронд өмсөж байсан шигшээ багийн өмсгөл байна. Вьетнамын шигшээ багтай хийсэн тоглолтын хувцас зэрэг түүхийн ховор үзмэрүүдийг дэлгэсэн.
-Хөлбөмбөгийн холбооны түүхэн үйл явдлыг харуулсан музей бэлтгэж байгаа гэсэн?
-Хөлбөмбөгийн холбооны музей гэж байгуулж байгаа. Тиймээс хөлбөмбөгийн холбооны түүхийг илүү ихээр харах боломж удахгүй нээгдэнэ. 1950-1960 оны үед өмсөж байсан түүхэн дурсгалт өмсгөлийг шигшээ багийн тамирчид болон тэдний ар гэр, үр хүүхэд холбоонд бэлэглэсэн.
Одоогоос 50-иад жилийн өмнө өмсөж байсан шигшээ багийн өмсгөлүүд их сонирхол татаж байна. Энэ бол түүх болон үлдлээ. Тиймээс бид залуу хойчдоо үедээ түүхийн ховор, дурсгалтай зүйлүүдийг таниулах ажлыг хийж байна.
-Шигшээ багийн тухайд?
-Шигшээ баг маш сайн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эмчийн багт Анагаахын их сургуульд хичээл заадаг Г.Мөнхзул нарын багш нар багтсан. Японы улсын эмч Nishikido Matsutoshi манай баг дээр ажиллаж байна. Шигшээ багийн дасгалжуулагчаар Германы мэргэжилтэн Ханс Михаэйль Вайсс, хаалгачын дасгалжуулагчаар Румын улсын мэргэжилтэн Dragosh Plopeanu ажиллаж байгаа. Шигшээ баг ирэх есдүгээр сард Монголд болох Азийн аваргын шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтод оролцоно. Манай залуус энэ удаа хэсгээсээ шалгарч цааш өрсөлдөх эрхийг авах зорилготой бэлтгэж байна. Тавиад жилийн дараа хөлбөмбөгийн шигшээ баг хэсгээсээ шалгарах бүрэн боломж байгаа гэж харж байна. Өнөөдрөөс эхлэн лигийн тэмцээн 14 хоног завсарлаж байгаа. Бусад тэмцээн уралдаан хуваарийн дагуу явагдаж байна. Хөлбөмбөгийн тэмцээнүүд сүүлийн жилүүдэд олноор зохиогдож байна. Охид, эмэгтэйчүүдийн тэмцэл хөлбөмбөгийн ногоон талбайд өрнөж байна.
-Та ДАШТ-д оролцож байгаа 32 багаас алийг нь дэмжиж байна вэ?
-Би Англи, Японы шигшээ багийг дэмжиж байна. Азийн төлөөлөл болсон Японы шигшээ багийг илүү сайн тоглож, ур чадвараа харуулаасай гэж хүсэж байна. Англи ч мөн ялгаагүй хүссэн тоглолтоо үзүүлж, олон сая фанатуудаа баярлуулна гэдэгт итгэлтэй байгаа.
-21 дэх удаагийн ДАШТ хойд хөршид болж байгаа учраас тоглолтуудыг үзэх боломж монголчуудад нээлттэй байна. Таны хувьд үзэх боломж байгаа юу?
-Энэ удаа хойд хөршийг зорьж, ДАШТ-ий тоглолтуудыг дэргэдээс нь үзэх зав хомсхон байна. Хэдийгээр тоглолт үзэх урилга ирсэн ч гэлээ Монголд хийх ажил их байна. Шигшээ баг ирэх есдүгээр сард болох тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа учраас тун зав муутай байгаа. Мэдээж Орост очоод үзэхийг хүсэж байгаа ч энд бидний хийх ажлууд их байна.
-Монгол хүүхдүүд ДАШТ-д үеэр болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцож байна. Мөн монгол хүүхэд анх удаа ДАШТ-ий тоглолтыг эхлүүлэх зэрэг түүхэн үйл явдлууд тохиож байна шүү дээ?
-Москва хотод болж байгаа 211 орны өсвөрийн хөлбөмбөгчид оролцож байгаа “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар оролцож байна. Тэд “Western Gorilla” багт багтсан. Өчигдрөөс эхлэн дэлхийн хүүхдүүд оролцдог фестивалийн арга хэмжээ Москва хотод эхэлсэн. Монгол хүүхэд анх удаа ДАШТ-ий тоглолтын бөмбөгийг гаргаж тавихаар болсон. Энэ хүндтэй үүргийг Ө.Анар гэдэг хүүхэд гүйцэтгэнэ. Тухайн тоглолтыг сайн санахгүй байна. Гэхдээ ОХУ-ын хэсгийн хоёр дахь тоглолтын бөмбөгийг монгол хүүхэд гаргана гэсэн мэдээлэл байсан.
-Таны хувьд хөлбөмбөгийн ДАШТ-ийг зорьж очин үзэж байсан уу? Сэтгэлд хоногшсон тоглолтуудыг нэрлэхгүй юу?
-Үгүй ээ, хараахан үзэж амжаагүй байна. 1994 онд АНУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ээс эхлэн үзэж байна. 1998 оны ДАШТ-ий тоглолтууд сайхан санагдаж байсан. 20 жилийн өмнөх тоглолтууд сэтгэлд их тод үлдсэн байдаг. Харин ДАШТ-ээс бусад томоохон тэмцээнийг Англи, Герман, Японд очин үзэж байсан.