ОХУ тусгаар тогтнолын тунхаглалыг баталсан өдрийг 1990 оноос хойш жил бүр зургадугаар сарын 12-нд тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан олон нийтийн санал асуулгын ВЦИОМ байгууллагаас ард иргэдийн дунд санал асуулга явуулсан байна. Энэхүү санал асуулгаар Оросын ард иргэдийн хэдэн хувь нь өөрсдийгөө эх оронч хэмээн үздэг талаар судлахад ард иргэдийн 92 хувь нь өөрсдийгөө эх оронч гэж үздэг гэсэн тоо баримт гарчээ. Энэ нь сүүлийн 18 жил дэхь хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. 2000 онд явуулсан санал асуулгаар ард иргэдийн 84 хувь нь эх оронч үзэлтэй гэсэн тоо баримт гарч байсан ажээ.
Санал асуулгад ард иргэдээс жинхэнэ эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг талаар дэлгэрэнгүй асуулт тавьсан байна. Ард иргэдийн 59 хувь нь жинхэнэ эх оронч хүн гэдэг эх орноо хайрладаг хүн, 39 хувь нь өөрсдийн улс орноо өөрчлөхийг эрмэлздэг хүн, 38 хувь нь эх орныхоо сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг хүн, 29 хувь нь эх орноо хамгаалахаар тулалдаж чадах эр зоригтой хүн, 19 хувь нь улс орныхоо төлөө гашуун байсан ч үнэнийг хэлэхээс айдаггүй хүнийг эх оронч хүн хэмээн үзнэ гэж хариулжээ.
Олон нийтийн санал асуулгын төвийн захирал ноён Степан Львов “Үндэстний амьдралд гарч буй өөрчлөлт бүрд ард иргэд идэвхтэй оролцож буй нэгдмэл байдлаас Оросын ард иргэд эх оронч үзлийг урьд урьдаас илүү ихээр мэдэрч эхэлж байна” гэжээ.
Эх сурвалж: RT