Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.06.10-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

Долоо хоногийн онцлох үйл явдал

Өнгөрөгч долоо хоног адал явдал, сонин содон үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Хамгийн их шуугиан дэгдээсэн мэдээлэл нь Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн “УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх” мөн С.Баяр, Ч.Сайханбилэг нарын шүүх хурал байлаа. www.news.mn сайт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЧУУЛГАН: Д.ГАНТУЛГА, Д.МУРАТ НАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙ ГЭВ

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар  УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдаж улмаар тус бүрийн санал дүгнэлтээ УИХ-ын чуулганаар танилцуулсан юм. Ингээд  УИХ-ын чуулганаар  Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж бус асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явууллаа. Санал хураалтад нийт 57 гишүүн оролцож, УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хуралдаанд оролцуулсан гишүүдийн олонх 33 гишүүн буюу 57,9 хувь, 24 гишүүн буюу 42,1 хувь дэмжихгүй гэв. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдийн 57,9 хувь УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор гишүүд нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Тодруулбал, нууц санал хураалтад нийт 57 гишүүн оролцож түүнээс дэмжинэ гэж 28 буюу 49,1 хувь нь санал өгсөн бол 29 буюу 50,9 хувь нь дэмжээгүй санал өгсөн юм.

Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯР, Б.БАДРАЛ НАРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЛАА

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох шүүх хурал өнгөрөгч баасан гаригт зарлагдсаны дагуу 15 цагийн орчимд Ч.Сайханбилэгт холбогдох шүүх хурал эхэллээ. Тус хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлснийг хэлэлцсэн юм. Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр, ‘Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тавихаар боллоо. АТГ болон прокурорын зүгээс цаашид цагдан хорьж шалгах шаардлагагүй гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээж аваад хорих арга хэмжээг цуцалж, хилийн хориг тавьсан’ гэсэн товчхон мэдээлэл өглөө.

Үүний дараа С.Баярын цагдан хорин асуудлаар прокуророос ирүүлсэн хүсэлтийг шүүх хэлэлцэн, хүлээн авлаа. Шүүхээс Ч.Сайханбилэгийн мөн адил үндэслэлээр 25 дахь Ерөнхий сайд С.Баярыг сулласан байна. Ийнхүү АТГ-аас нэг өдөр баривчилсан экс Ерөнхий сайдуудыг шүүх нэг өдөр суллаж, тэдэн хилийн хориг тавьсан шийдвэр гаргалаа. Мөн Шүүхээс Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадралыг цагдан хорих таслан сэргийлэх, арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэн, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар боллоо.

Ц.ОЮУНБААТАР: УЛС ТӨРИЙН ДАЙНАА ЗОГСОО

МАХН-ынхан Их чуулганаа хуралдуулахаар ирэх долдугаар сард тов зарласан. Үүнтэй холбоотойгоор Улсын Дээд Шүүхээс тогтоол гаргажээ. Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нар өнгөрсөн мягмар гаригт /2018.06.05/ хэвлэлийн хурал хийв.

МАХН-ЫН ДЭД ДАРГА Ц.ОЮУНБААТАР:

-МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг Дээд шүүх бүртгээгүй. Ингэхдээ хурлын тэмдэглэл хавсаргаагүй, тус намын нэг хоёр хүн Их чуулганы асуудлаар маргалдаж байгаа учраас бүртгэх боломжгүй гэх тогтоол гаргасан байсан. Бид энэ тогтоолд заасан үндэслэл шалтгааныг залруулж, 2018 оны тавдугаар сарын 14-ны өдөр Улсын Дээд шүүхэд өгсөн. Харамсалтай нь, Улсын Дээд шүүх огт өөр шалтгаан зааж, бүртгэхээс дахин татгалзлаа. Үүнээс үзэхэд МАНАН гэдэг улс төр, бизнесийн бүлэглэл шүүхийн шийдвэрт нөлөөлж байна. Энэ бүлэглэл Н.Энхбаярыг зохиомол хэргээр шийтгэж байсан. Одоо болно, улс төрийн дайнаа зогсоогоод, урагш харж ажиллахыг МАХН шаардаж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан болов 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “10 дугаар цэцэрлэгийн барилгын төсөв өнгөрсөн оны төсөвт суугдсан байсан ч барилгын зураг болон үнэ нь зөрснөөc үүдэж өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан тусгай сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо. Ялангуяа 10 дугаар цэцэрлэгийн барилгыг зургийн дагуу барих ажлыг шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг. Эдгээр хүүхэдтэй багш нар нь илүү ойр ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг багш тэвэрч шатаар өгсөж, уруудахад хүндрэлтэй байдаг. Тиймээс тус цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан анх удаа цахилгаан шаттай цэцэрлэг барихаар зураг төсөлд тусгаад байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэй зарлана” гэлээ.

МОНГОЛ ОХУ-ААР ДАМЖУУЛАХ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРТ ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

Монгол Улс ОХУ-аар дамжуулах нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд авах болллоо. Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт дөнгөж сая талууд гарын үсэг зурлаа. Тодруулбал, хэлэлцээрт Монголын талыг төлөөлж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ыг төлөөлж, тус улсын Тээврийн сайд Е.И Дитрих нар гарын үсэг зурсан юм.

‘ЭРДЭНЭТ’-ИЙН ТУЗ-ИЙНХӨН ШӨНӨ ХУРАЛДЖЭЭ

‘Эрдэнэт’ үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн лхагва гаригийн шөнө /2018.06.06/ Улаанбаатарт хуралдсан мэдээлэл байна. ТУЗ хуралдах болсонтой холбоотойгоор тус үйлдвэрийн дарга нарыг нисдэг тэргээр авчирсан гэдгийг ч эх сурвалжууд хэлж байгаа юм. Уг хурлаар ‘Эрдэнэт’ үйлдвэрийн бүтцийн асуудлыг хөндсөн байна. ‘Эрдэнэт’ үйлдвэрийн ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон бөгөөд уг шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон. Тус үйлдвэрийн ТУЗ-ийн дарга нь У.Бямбасүрэн. Гишүүдээр нь Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Б.Доржсэмбэд, А.Дагвадорж, Д.Даваадорж, З.Мэндсайхан нар ажилладаг. ТУЗ-ийн хуралтай холбоотойгоор ‘Монголын зэс’ мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлдээ ‘ Төрөөс зуун хувь томилсон шийдвэрийг нь шүүхээс хүчингүй болгосон байхад хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бусаас гадна шүүх засаглалын шийдвэрийг санаатай уландаа гишгэсэн, албан тушаалаа хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хэт улайрсан үйлдэл юм’ гэжээ. Энэ талаар тус үйлдвэрийг төлөөлж Улаанбаатарт суух хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад тоймтой хариу өгсөнгүй.

МОТОЦИКЛЬЧИД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ НЭГДЛЭЭ

“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлтийн арга хэмжээ өчигдөр /2018.06.09/ Сүхбаатарын талбайд болж, Ерөнхий сайд У. Хүрэлсүх, оролцлоо. Тэрбээр Монголын “Harley-davidson” мотоцикл сонирхогчдын холбооны ерөнхийлөгч юм. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадам гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж, тэмцье уриан дор болж буйгаараа онцлогтой. Мөн Монгол, ОХУ, БНХАУ -ын 800 орчим мотоцикл сонирхогч залуус оролцож байна. Орос, Хятадаас 50, 50 хүний бүрэлдэхүүнтэй мотоциклчид хүрэлцэн иржээ.

Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой. ‘Талын салхи’ наадам хоёр өдөр үргэлжилнэ. Тус арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж