МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, Хэрэглээний математикийн тэнхмийн дэргэдэх Математик хэрэглээ төв, ЭШИХ-Технологи дамжуулах төв хамтран Монгол улсын нийгэм эдийн засгийн олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх, математикийн онолын судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Монголд анх удаа “Study Group Mathematics with Industry” буюу “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ыг 2018 оны зургаадугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
МУИС-ийн Эрдмийн өргөөнд зохион байгуулагдсан тус семинарын нээлтийн үйл ажиллагаанд Математик хэрэглээ төвийн эрхлэгч А.Галтбаяр, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Монгол улсын Төрийн соёрхолт математикч Р.Энхбат, Дубна дах Цөмийн судалгааны нэгдсэн институтийн ахлах судлаач, Төрийн соёрхолт О.Чулуунбаатар, ХАА-н зөвлөх профессор Б.Эрдэнэбаатар, Ай Ти Зон ХХК, Голомт банк, Мон Дел Креда ХХК, Багануур ХК, Тайшир-Өргөө ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, МУИС-ийн судлаач багш, оюутан, төгсөгчдийн төлөөлөл идэвхитэй оролцлоо.
Энэхүү анхны семинарт үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс дараах 5 асуудлыг дэвшүүлсэн байна.
Ай Ти Зон ХХК, Програм Хангамжийн газраас борлуулалтын менежер Э.Ичинноров “Шатахууны хяналтын систем дэх алдааг тооцоолох” сэдвээр асуудал дэвшүүллээ. Энэхүү асуудал нь Таван толгойн уурхайд ашиглагдаж буй хүнд даацын автомашинуудад суурилуулсан Түлш Хэмжигч Төхөөрөмжөөр хэмжсэн шатахуун зарцуулалтын мэдээнд үндэслэн тээврийн хэрэгслийн түлшний үлдэгдэл, цэнэглэхийн өмнөх үеийн үлдэгдэл, цэнэглэсэн хэмжээ, туулсан зам, тухайн замд зарцуулсан түлш, түлшний алдагдал буюу зүй бус хэрэглээ зэргийг тодорхойлох зорилготой. Дээрх үнэлгээндээ үндэслэн шатахуун зарцуулалтын бодит, оновчтой хэмжээг нэг удаагийн рейсийн хувьд үнэлж, шатахуун зарцуулалтын стандарт тогтоох үндсэн зорилготой юм.
Голомт банкны Мэдээлэл Технологийн Газраас захирал М.Сайнбилэг, өгөгдлийн шинжээч н.Нямхүү болон мэргэжилтэн н.Саруул нар “Терминалуудын боломжит байршлыг тодорхойлох” сэдвийн доор хөдөлгөөнгүй терминал (ATM)-уудын байршлын мэдээлэл дээр үндэслэн байршил нь үл мэдэгдэх хөдөлгөөнт (карт уншигч) төхөөрөмжүүдийн боломжит байршлыг тодорхойлох асуудал дэвшүүлсэн. Хэрэглэгчдийн үйлчилгээ авсан байршил болон хугацааны өгөгдлүүд дээр үндэслэн дээрх асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.
МонДелкреда компаний зүгээс захирал П.Золзаяа болон кредит менежер Б.Отгончимэг нар “Зээлийн түүх дээр үндэслэсэн зээлийн чадамжийн судалгаа” сэдвийн дор асуудал дэвшүүллээ. Энэхүү асуудал нь зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийн чадамжийг зээлийн түүх дээр үндэслэн багцийн хүрээнд бус нэгж аж ахуйн нэгжийн хүрээнд оновчтой тодорхойлох арга, загвар боловсруулах үндсэн зорилготой.
ХАА-н зөвлөх профессор Б.Эрдэнэбаатар нь “Малын байрны агаарын урсгал ба дулааны солилцоог тодорхойлох нь” сэдвийн хүрээнд Тайшир-Өргөө ХХК-ны 1000 хонины өвлийн байрны жишээн дээр үндэслэн асуудал дэвшүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд байгалийн агааржуулалттай малын байрны агаарын болон дулааны урсгалыг загварчилж, агаарын солилцоо болон температурын тархалтын хэмжээг үнэлж, байрны цанталт түүнээс улбаалан гарах дусаал дусч малын хэвтэр норгох, хөлдөх замаар байрны тав тухтай байдлыг алдагдуулах зэрэг шалтгаануудыг тодорхойлох үндсэн зорилготой юм.
МУИС-тай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж буй Багануур ХК-ийн зүгээс ахлах эдийн засагч н.Нацагдорж, эдийн засагч н.Орхон нар “Шатахууны нормыг шинэчлэх” сэдвийн доор уурхайд ашиглагдаж буй хүнд даацын автомашины шатахуун зарцуулалтын нормыг бодит өгөгдлүүд дээр үндэслэн машины марк болон улирлын онцлогоос хамааруулан оновчтой тодорхойлох асуудал дэвшүүлсэн юм. Энэхүү асуудлыг оновчтой шийдвэрлэснээр тухайн уурхай нь эдийн засгийн хувьд хэдий хэмжээний хэмнэлт хийх боломжтойг тодорхойлох давуу талтай юм.
Энэхүү дэвшүүлсэн асуудлуудыг МУИС, ШУТИС, МУБИС, МГТДС зэрэг их дээд сургуулийн багш нар болон оюутнууд судалгааны бүлгүүдэд хуваарилагдан боломжит шийдлүүдийг гаргахаар хамтран ажиллаж байна. Семинарын сүүлийн өдөр багууд өөрсдийн хүрсэн үр дүнгийн талаар тайлагнаж, тухайн аж ахуйн нэгжид боломжит шийдэл болон дүгнэлтийн хамт хүлээлгэн өгөх ба цаашид тус судалгааны хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааг төлөвлөх юм.