Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д эхлэхэд тав хоногийн хугацаа үлдлээ. Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээж буй энэхүү тэмцээнд шилдэг 32 баг “Алтан цом” (Алтан дагина)-ын төлөө өрсөлдөх билээ. Монголчуудын хувьд энэ удаагийн ДАШТ онцгой хүлээлттэй байна. Учир нь монгол хөвгүүд ДАШТ-ий нээлтэд оролцож, улмаар олон улсын хүүхдийн фестивальд оролцох болсон юм.
Дэлхийн хамгийн олон улсыг хамардаг “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестиваль 21 дэх удаагийн ДАШТ-тэй зэрэгцэн Москва хотод нээлтээ хийлээ. Уг фестивальд 2017 онд 68 улсын өсвөрийн хөлбөмбөгчид хамрагдаж байсан бол энэ жил бүс нутгийн нийлээд 211 орны 1500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.
Анх удаа “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцож байгаа Монгол Улсыг төлөөлөн сэтгүүлч Ш.Эрхэс, тоглогч Э.Даринчулуун нар өчигдөр /2018.06.09/нээлтийн арга хэмжээнд оролцжээ. Тэд “Спартак” клубын академийн бэлтгэлийн талбайд Монголынхаа далбаагаа намируулан олон орны үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн жагслаа.
“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивалийн Ерөнхий захирал А.Серов ‘Монголын оролцогчдод амжилт хүсээд Москва хотод болох фестивальд тавтай морил’ гэсэн байна.
Ш.Эрхэс, Э.Даринчулуун “Western Gorilla” багт орсон бөгөөд өнөөдөр тэмцээний сугалаа явагдана.
“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестиваль зургадугаар сарын 8-15-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод болж байгаа бөгөөд оролцогч хүүхдүүд ДАШТ-ий нээлтэд оролцохоос гадна алдартай хөлбөмбөгчидтэй давуу эрхтэйгээр уулзах юм.
Мөн энэхүү фестиваль болон ДАШТ-ий эргэн тойрон дахь мэдээллийг хүргэхээр Монголын хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Г.Сүх-Эрдэнэ Москва хотод ажиллаж байна.