Румын Халеп “Их дуулга”-ын анхны түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.10-нд нийтлэгдсэн

Румын Халеп “Их дуулга”-ын анхны түрүүгээ хүртлээ

Румын Халеп “Их дуулга”-ын анхны түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн талбайн теннисний дөрвөн “Их дуулга” тэмцээний нэг болох Францын нээлттэй тэмцээн өнөөдөр /2018.06.10/ өндөрлөнө. Парис хотод тавдугаар сарын 27-ны өдөр эхэлсэн тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт өчигдөр /2018.06.09/ боллоо.

Дэлхийн чансааг тэргүүлж буй Румыны теннисчин Симона Халеп АНУ-ын Степэнсийг 3:6, 6:4, 6:1-ээр хожиж, “Их дуулга”-ын анхны түрүүгээ хүртлээ. Симона 2017 оны аравдугаар сараас эхлэн дэлхийн чансааг тэргүүлж байгаа ч “Их дуулга”-д түрүүлж амжаагүй байсан юм.

Халеп шигшээ тоглолт хүртэл нийт зургаан тоглолт хийсэн бөгөөд шөвгийн наймд Германы А.Кербер түүнд хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлжээ.

Энэ жил 26 настай Симона Халеп 2018 оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод шалгарсан ч Данийн К.Возняцкийд ялагдаж байсан юм. Тэгвэл тэр Парисын шороон талбайд шилдэг нь байж чадлаа. Халеп 2014, 2017 оны Францын нээлттэй тэмцээний финалд үлдэж байсан юм. 

Тэгвэл АНУ-ын өсөх ирээдүйтэй теннисчин Степэнс хагас шигшээд нутгийн теннисчин Мэдисон Кейсыг хожиж, шигшээд тоглолтод шалгараад байсан юм. Энэ жил 25 настай Степэнс өнгөрсөн онд Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн билээ. Түүний хувьд өчигдөр Халепийн эсрэг хүчтэй тоглолтыг гаргаж байсан ч хожиж чадсангүй. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж