Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Монгол Улсын долоон аваргыг хүлээж авч уулзжээ. Энэ үеэрээ Монголын ард түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг хэлжээ.
Аваргууд ч Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, маргаан будилаангүй сайхан наадам болно гэдэгт санал нэгдсэн байна. Маргаантай асуудлаа дотооддоо шийднэ. Баяр наадмын үеэр маргаан хийхгүй гэжээ.
Уулзалтаар хөндөгдсөн бас нэгэн сэдэв нь допингийн шинжилгээ байсан аж. Допинг хэрэглэхгүй байх, хяналт тавих, шударга барилдаан явуулахад анхаарч ажиллана. Сурталчилгаа, зөвлөгөө мэдээллээр бөхчүүдийг хангах нь зүйтэй гэдэгт бүгд санал нэгдэж, допингийн эсрэг хүчээ нэгтгэхээр болсон байна. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй байх, мөн оноолт, ам авахад найраа хийдэг явдлыг таслан зогсоох нь зүйтэй гэжээ.