Мэргэжлийн талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөх дөхлөө. Парис хотод болж буй тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 128 теннисчин өрсөлдсөнөөс дэлхийн чансааг тэргүүлж буй Румыны Симона Халеп, АНУ-ын Степэнс нар аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ.
Өчигдөр болсон тоглолтод Румын Халеп Испанийн Г.Мугурзаг 6:1, 6:4-өөр хожсон юм. Өдгөө 26 настай Симона Халеп дэлхийн чансааг тэргүүлж буй. Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 2014, 2017 онуудад дэд аваргаар шалгарсан. Халеп шигшээ тоглолтод Степэнсийг хожиж чадвал “Их Дуулга”-ын анхны цомоо өргөнө.
Тэгвэл АНУ-ын өсөх ирээдүйтэй теннисчин Степэнс хагас шигшээд нутгийн теннисчин Мэдисон Кейсыг хожиж шигшээд тоглолтод шалгараад байсан юм. Энэ жил 25 настай Степэнс өнгөрсөн онд Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн билээ.
Парис хотод болж буй Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт өнөө шөнө болно.