БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жиньпин өчигдөр /2018.06.08/ Оросын ерөнхийлөгч Владимир Путинг Бээжин хотын ‘Ардын их танхим’-д хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзсан юм. Путины хувьд 2018 он гарсанаас хойш Бээжинд айлчилж буй 3 дахь уулзалт юм.
Владимир Путин Бээжинд 3 өдрийн айлчлал хийнэ. Тэрбээр өнөөдөр /2018.06.09/ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Хятадын төрийн тэргүүн тус улсын анхны “найрамдлын медаль”-ийг гардуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. Тус медалийг хамгийн нэр хүнд бүхий, гавъяа байгуулсан хүнд олгодог Хятадын хүндэт медаль юм.
Хоёр улсын удирдагчид эдийн засаг, худалдаа аж үйлдвэрлэл, стратегийн хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлж, шинэ түвшинд хамтарч ажиллахаа энэ үеэр онцолж байлаа. Путин дахин ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараах анхны уулзалт энэ болж байна. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үл хамааран Хятад, Орос хоёр улс дипломат харилцаагаа эн тэргүүнд тавих болно гэсэн юм. Энэ удаагийн айлчлал 3 өдрийн туршид үргэлжлэх бөгөөд талууд эрчим хүчний, хөрөнгө оруулалтын томоохон төсөл, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах аж.