Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2018.06.09-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

“Ньюс” агентлаг энэ долоо хоногийн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

Л.Болд: Энэтхэг, Пакистан ШХАБ-д элссэн нь тохиолдол биш

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ болон олон нийтийн дунд Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх ёстой, ёсгүй гэсэн мэдээлэл хүчтэй явж, чуулганы хуралдааныг хаалттай хийсэн. Та Гадаад харилцааны сайд байсан хүн энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

ШХАБ нь өөрөө 14 жилийн түүхтэй байгууллага. Одоогоос 14 жилийн өмнөх дэлхий ертөнц өөр байж, намайг Гадаад харилцааны сайд байх үед ч өөр байсан. Тэр бүх үе шатад Монгол Улс өөрийнхөө бодлогыг маш тодорхой илэрхийлсээр ирсэн. Бид бол ШХАБ-ын хүрээнд ажиглагчийн статуст сэтгэл хангалуун байна гэж үзэж байсан. Харин одоо бол ШХАБ-ын өөрийнх нь шинэчлэл, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэрэг олон талаас өнөөдөр Монгол Улс дахин өөрийн байр сууриа илэрхийлэх, цаашдын бодлогоо тодорхойлох цаг нь болсон гэдэг дээр хаа хаанаа санал нэгдэж байх шиг байна.

Олон нийт, төр засаг ч гэсэн өөрсдийн байр сууриа тодорхой болгож, чиглэлээ тодорхой болгох ёстой. Яригдаж байгаа зүйл нь өөрөө хоёр талтай ойлголтууд яваад байх шиг. ШХАБ-д элсэх асуудал нь хэн нэгний хүсэл, хоёр талцаж, аль нэг тал нь дийлэх, давамгайлах гэсэн зүйл байхгүй. Юуны төлөө Монгол Улс төр засагтай байгаа билээ, ард түмнээсээ асуух, олон нийтийн саналыг тусгаж, төрийн өндөр түвшинд энэ нь Монголын эрх ашигт нийцэж байна гэдэг шийдвэрийг гаргах ёстой юм. УИХ олон талаас нь хаалттай горимоор мэдээлэл сонссон. Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөр хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргана. Энэ асуудал нь аль нэг тал нь ялдаг бус, хууль ёсны хамгийн зөв шийдвэрээ гаргах ёстой. Энэ асуудал дээр хэн нэгэн ялсан, буруу, зөрүү гэх нь буруу ойлголт юм.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=280084 линкээр унших боломжтой.

Ц.Мөнх-Оргил: Монгол ажиглагчийн байр сууриа хадгалах ёстой

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.      

-ШХАБ элсэхгүйгээр ажиглагчийн байр сууринаас хандах ёстой гэж та хэлж байсан. Сая бүлэг, чуулган хаалттай хуралдсан. Таны байр суурь өөрчлөгдсөн үү?

-Би бол ажиглагчийн байр суурин дээрээ хэвээрээ байх ёстой гэж бодож байна. ШХАБ гэх байгууллага ямар байгууллага болох вэ гэдэг нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Нэг талаас цэрэг, улс төрийн биш гэдгээ зарлачихсан. ШХАБ-ыг 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө баталж, түүн дотроо цэрэг, улс төрийн биш, эдийн засгийн интеграцийн байгууллага биш гэдгээ зарлачихсан байгууллага. Тэгэхээр бид юу юм бэ гэдгийг нь мэдэж байж элсэх ёстой. Түүнээс гадна энэ байгууллагад ажиглагчийн статусаа гишүүний статус болгосноор бидэнд ямар давуу тал үүсэх, ямар боломж бий олох нь тодорхойгүй байна. Энэ байгууллага өөрөө эдийн засгийн, дэд бүтцийн ямар нэгэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй, тодорхой хугацаанд хэрэгжүүлэх ч үгүй. Зарим хэвлэлээр энэ байгууллагад орсноор хоёр хөрштэй харилцах харилцаанд өөрчлөлт орж, сайжирна гэж бичээд байгаа. Миний бодлоор манайх хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байгаа. Итгэлцлээ бэхжүүлнэ гэх юм бол Монгол ШХАБ-д гишүүнээр элсээгүйгээс болоод итгэлцэл эвдэрсэн гэж би бодохгүй байна. Итгэлцэл манай үе үеийн Засгийн газрууд, ялангуяа 2004 оноос хойших Засгийн газрууд хоёр хөрштэйгөө юм тохироод, тохирсноо хэрэгжүүлээгүйгээс болоод л итгэлцэл суларч байгаа. Бид юм амлахаасаа өмнө сайн тохирдог, тохирсноо яг хэрэгжүүлдэг л байх ёстой. Энэ бол зөвхөн хоёр хөрш дээр үүсээд байгаа биш Япон, АНУ, Солонгос, ОХУ, БНХАУ ч гэсэн тохирохоосоо өмнө юмаа сайн судалж, шийдвэрээ гаргах ёстой гэдэг. Гэтэл бид Ерөнхийлөгч, Засгийн газар нь өөр өөрсдөө мэдээд нэг зүйл хэлдэг, УИХ түүнийг нь зөвшөөрдөггүй гэх мэт асуудлаас болж байгаа юм.

Дэлгэрэнгүйг  https://www.news.mn/c/1?id=280205 линкээр унших боломжтой

Р.Гончигдорж:С.Баярцогтыг хөөсөн нь АН-ын хувьд гутамшиг

УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Ярилцлага авах хүсэлтийг маань хүлээж авсанд баярлалаа. Улс төрд болж үйл явдлыг та анхааралтай л ажиглаж байгаа болов уу?

-Тийм ээ. Иргэнийхээ хувьд болон улс төрд алба хашиж байсан хүний хувьд улс төрийн амьдралыг идэвхтэй ажиглалгүй яахав.

-Өнгөрсөн хугацаанд МАН-ын Засгийн газар хоёр ч удаа солигдож төр засгийн тогтворгүй байдал өнөөдөр ч гэсэн үргэлжилсэн хэвээр байна. Магадгүй өмнөх үеийн Засгийн газруудаас илүүтэй тогтворгүй байна гэх шүүмжлэлийг олон нийтийн дунд дагуулж буй. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Харьцуулалт хийх цаг үеүд нь хоорондоо тохирох уу, үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хувьд асууж байгаа бол тухайн үед олонх, цөөнхийн суудлын тоо харьцаа нь өнөөгийнхөөс тэс өөр байсан. Одоогийн шиг 65 суудалтай нэг намаас байгуулагдсан Засгийн газрыг өмнөх Засгийн газруудтай харьцуулахад тун хэцүү. Төр засгийн тогтворгүй байдлыг дан ганц Засгийн газар солигдох утгаар нь ярихаас илүүтэй бодлогын тогтворгүй байдлыг ярих нь хамгийн чухал. Төрийн бодлого шийдвэр нь нийгэм болон эдийн засаг, иргэдэд хамааралтай асуудал юм. Түүнээс биш Доржийг Пүрэвээр солих нь гол асуудал биш. Энгийн жишээ татъя л даа. Бизнес эрхлэгч нэгэн тодорхой цаг хугацаанд төлөвлөгөө гаргаж, үүнийхээ дагуу бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулснаар үр дүн гардаг шиг тогтвортой гэдэг ойлголт нь таатай орон зайгаар тодорхойлогдоно. Энэ талаас нь тогтвортой байдлыг яримаар байгаа юм л даа. Эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь мөн УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр хооронд ялгаа гарч байгаад иргэдийн гомдол байна. Амласан амлалтаа хэрэгжүүлэхгүй, амлалтаасаа эсрэг бодлого шийдвэр гаргаж байгаа нь тогтворгүй байгаагийн нэг хэлбэр нь. Өөрөөр хэлбэл, иргэн, төр хоёрын дунд үл итгэлцэл бий болох. Энэ бол нэг муу зүйл нь. Хоёр дахь нь Засгийн газар гаргасан бодлого шийдвэрүүдээ маш богино хугацаанд өөрчилж солих. Тухайлбал, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдүүлэх зэрэг нийгэм талын асуудал. Харин эрх зүй талаасаа хууль эрх зүйн, хууль тогтоох үйл ажиллагааны бодлогын тогтворгүй байдлыг дурдаж болно.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=280300 линкээр унших боломжтой.

Д.Сарангэрэл: Эмч нарт зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хамгийн их хэл ам дагуулдаг Эрүүл мэндийн салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд авч явах үүргийг та хариуцаад найман сар болж байна. Энэ хугацаанд салбартаа амжуулсан ажил олон байгаа байх. Ойрын хугацаанд юун дээр илүүтэй төвлөрч ажиллаж байна вэ?

-Миний хувьд Эрүүл мэндийн салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд авч явах ийм л үүрэг, зорилготой. Би энэ салбарын сайд, дарга гэхээсээ илүүтэй салбарынхаа зохион байгуулагч, гол менежер нь юм. Энэ үүргээ нэр төртэй, хариуцлагатай авч явахын төлөө өнгөрсөн хугацаанд хичээн ажиллалаа. Мэргэжлийн хамт олонтойгоо салбарынхаа цаашдын бодлого, чиглэлээ илүү тодорхой болголоо. Энэхүү зорилго, зорилтоо ажил хэрэг болгохын төлөө ер нь цаг наргүй ажиллаж байна даа. Ойрын хугацаанд Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар эмч сувилагч нарын цалин нэмэгдүүлэх, ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоог хэрэгжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн салбарын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг болох, эрүүл мэндийн даатгалаар олгож байгаа эмэнд цахим жорыг 100 хувь нэвтрүүлэх үйл ажиллагаанд түлхүүтэй анхаарна. Цахим жорыг нэвтрүүлснээр хөнгөлөлттэй эмийг сардаа хоёр удаа олгож иргэдэд чирэгдэл үүсдэг байсан явдал үгүй болгохын төлөө зорьж байна. Мөн царцаагдсан байгаа эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=280405 линкээр унших боломжтой.

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж