“Росатом” эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

“Росатом” эргэн ирлээ

“Росатом” эргэн ирлээ

Монголын онцлогт “цөмийн энерги” гэгч ихээхэн хол хөндий сонсогддог билээ. “Росатом”, “Дорнод Уран”, “Төв Азийн уран” гэх үгс 2009 оноос л олон нийтэд танил болж эхэлсэн. Тухайн үед Оюутолгой, Тавантолгой “тренд” болж тендерийн “дажин” шувтрах үест оросуудын зүгээс “Монголоос сонирхох зүйл уранаас өөр үлдсэнгүй” гэсэн утгатай мэдэгдлүүдийг хийж эхлээд байв.

Монголын “уран”-ы түүх тун ч эмгэнэлтэй, айдас түгшүүр төрүүлэм домгуудыг дагуулдаг нь хамтран ажиллахад тийм ч таатай бус уур амьсгалыг буй болгодог.

Овоо ойлгож ирж байтал Арбитрийн шүүх дээр “Хан ресурс”-тэй үүсгэсэн маргаан 106 сая ам.долларын өрөнд унагаж сүүлдээ 46 саяыг нь хүчингүй болгуулж 70 хоногт 70 сая ам.доллар хэлэлцээрт хүрснээр Монголын ураны “наймааны” нэн шинэ түүх өндөрлөөд байв.

 Оросын талтай гэвэл 2009 оны тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Краснокаменск хотноо Ерөнхий сайд асан С.Баяр, “Росатом”-ын захирал С.Кириенко нар цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах талаар хамтран ажиллах тухай зөвлөлдөх уулзалт хийсэн гэдэг. Үүнээс хойш зогсонги байдалд орчихоод байсан харилцаа сэргэж он гарсаар хэд хэдэн уулзалт зохион байгуулагдаад байна. Энэ сэдвийн хүрээг тэлж “Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээний үеэр “Орос улсын загварын цөмийн шинжлэх ухаан ба технологийн төвүүд” сэдэвт семинарыг “Росатом” корпораци удирдан явуулсан. Оросын талаас “Росатом” корпорацийн Зүүн Азийн бус нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч Сергей Дёмин голлон оролцлоо. “Росатом” корпорацийн Зүүн Азийн бус нутгийн салбар нь Монгол, Япон Хятад улс дахь хамтын ажиллагааг хариуцдаг.

ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорацийн хувьд Монголд Цөмийн шинжлэх ухааны төв байгуулахаар Цөмийн энергийн комисстой хамтран ажиллахаар өнгөрсөн хоёрдугаар сард Москвад санамж бичиг байгуулсан байдаг. Энэ удаагийн семинарын үеэр “Росатом” корпорацийн мэргэжилтнүүд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийг байгуулах хотхон, хүний нөөц, ашиглалтын технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий илтгэлүүдийг тавилаа.

Энэ үеэр ““Росатом” корпорацийн Зүүн Азийн бус нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч Сергей Дёмин “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах нь Монгол, Орос улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол улсад цөмийн шинжлэх ухаан хөгжихийн зэрэгцээ бусад уул уурхай, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, өргөн ашиглах боломжийг нээх юм. Орос улс нь цөмийн шинжлэх ухааныг 60 гаруй жилийн турш хөгжүүлж ирэхдээ 50 гаруй оронд 245 төв байгуулсан туршлагаараа дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Монгол улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төслийн хэрэгжилтийн бүхий л шатанд ашиглалтад оруулах хүртэл дэмжих болно. Монгол улсын Цөмийн энергийн комисс нь цацраг идэвхт түүхий эд, цөмийн эрчим хүчний ашиглалт, аюулгүй байдлын үйл ажиллагааг хариуцна” хэмээсэн юм.

Монгол улс анх 1956 онд мөн л Оростой хамтран цөмийн салбарт үйл ажиллагаа явуулах эхлэлээ тавьж байсан түүхтэй.

Цөмийн энергийн комисс гэдэг маш чухал боловч маш тодорхойгүй байгууллага олон жилийн хойно 2009 онд цөмийн энергийн салбарын бүх үйл ажиллагааг зангидах төрийн байгууллагатай болж, бодлогоо гаргаж, хуулиа баталсан. Дараа нь 2015 онд дахин Цөмийн энергийн комисс болгон зохион байгуулж одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Хуучнаар Цөмийн энергийн газар байх үед “Росатом” корпорацтай цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Монголын оюутан залуусыг ОХУ-ын их, дээд сургуулиудад “Росатом”-ын тэтгэлгээр суралцуулдаг бөгөөд эдүгээ Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахаар болоод байна. Ийм төв байгуулахын ач холбогдол нь юуны өмнө судалгаа шинжилгээний ажил хийх орчин бүрдэх, цөмийн энерги, цөмийн технологийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, Монгол Улс цөмийн энергийг эрчим хүчний зорилгоор ашиглаж эхлэх үед мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэн байх явдал юм. Мөн бизнесийн ач холбогдолтой. Хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, цацраг идэвхт изотопын үйлдвэрлэл гээд гадаадаас импортолж байгаа хэрэгцээг дотоодоос хангах зорилготой юм байна.

Ийнхүү Оросын төрийн өмчит “Росатом” корпораци Монголын Цөмийн энергийн салбарт хамтран ажиллахаар “эргэн ирлээ”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж