Айлчлалын үр дүн нь стресс

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Айлчлалын үр дүн нь стресс

Өнгөрсөн хоёр хоногт Улаанбаатар хот маань их гүрний хүндэт зочдын хөлд дарагдаж өнгөрлөө. БНСУ-ын Ерөнхийлөгч ноён Ли Мен Багын айлчлал ням гарагийн оройноос эхэлж өчигдөр орой дууссан бол, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозэф Байдений айлчлал даваа гарагт эхлээд тэр өдрөө дууссан юм. Дээрх айлчлалууд эхэлсэн цагаасаа л Монголын ард түмэнд олон талын ашиг тус, үр өгөөжөө өгч эхэлсэн байх. Харин хамгийн бодитоор мэдрэгдсэн  нь стресс байв. Гадны улсын Ерөнхийлөгч, албаны хүмүүс ирэхээр л энэ жижигхэн хотод амьдарч байгаа хүмүүсийн эрх ашиг зөрчигдөөд эхэлж байгаа юм. Замын түгжрэлээс авахуулаад тоймгүй. Тэгэхээр ерөөсөө Төрийн ордон, яам тамгын газрыг хотоос гар­гачихвал яасан юм бэ. Их, дээд сургуулиудыг хотоос “хөөж” гаргах шийдвэр гар­гаж болоод байгаа юм чинь өөрсдийгөө хотоос холхон гаргах шийдвэр гаргачихвал яасан юм бэ, дарга нар аа. Та нарт ч энэ их түгжрэл дунд амьдарна гэдэг хэцүү шүү дээ. Эсвэл энэ нь бүтэшгүй санагдаж байвал иргэдээ хотоос зайдуухан гаргачихмаар юм. “Хотын төвд зөвхөн Төрийн ордон, яам тамгын газрынхан л байна” гэсэн шинэ хууль гаргачихгүй юу. Гаднаас төрийн өндөр хэмжээний зочин ирэхэд хүртэл амар шүү дээ. Уурлаж уцаарлах ард түмэн байхгүй, гэмт халдлага гарах вий гэж сэргийлэх асуудалгүй амар. Айл шатаад сүйд болж байхад гал унтраах машин түгжрэл дунд зогсч л байлаа, өчигдөр. Хүн үхэх гээд эмнэлэг дуудахад түргэн тусламж үзүүлэх хүн маань мөн л машинтайгаа замын голд хадаастай байв шүү. Тэгэхээр энэ бүх стресс ард түмнээ хотоос гаргах, эсвэл ард түмэн хотдоо үлдэж төрийн томчууд хотоос явсанаар шийдэгдэнэ. Удах­гүй Ерөнхийлөгчийн урилгаар Финланд Улсын Ерөнхийлөгч Таръяа Халоиен айлчилна. Түүний ирэх цаг хугацаа яг хичээлийн шинэ жил эхлэхтэй давхцах юм билээ. Тэр үед бүр ч аймшгийн бухимдал үүсч таарна. Ямар­тай ч энэ асуудлыг нааш­тайгаар шийдэцгээе.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж