ДАШТ: Исланд улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Исланд улсын шигшээ баг

ДАШТ: Исланд улсын шигшээ баг

“Орос-2018” хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд зургаан хоног үлдлээ. Мэдээллийн NEWS агентлаг ДАШТ-нд оролцох 32 улсын шигшээ багийн танилцуулгыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Исланд улсын шигшээ багийг танилцуулж байна.


  • Дасгалжуулагч: Хеймир Хадльгримссон

  • Шигшээ багийн ахлагч: Арон Гуннарссон

  • Шигшээ багтайгаа хамгийн олон тоглосон: Рунар Кристинссон 104 тоглолт

  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Эйдур Гудьонсен 26 гоол

  • ФИФАн чансаа: 2018 оны тавдугаар сарын байдлаар 22

  • ДАШТнд оролцсон байдал: анх удаа

  • ДАШТнд үзүүлсэн амжилт: анх удаа

Орос хүрэх замд:

Исланд улсын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Исландын шигшээ баг Европын бүсийн сонгон шалгаруулалтанд I хэсэгт багтан Хорват, Турк, Украйн, Финланд болон Косовогийн шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлснээр түүхэндээ анхны дэлхийн аваргадаа оролцох гэж байна. Хорват, Турк, Украйнтай өрсөлдөн гарч ирсэн нь Исландуудыг ямар хүнд шалгуур давсныг илтгэж байна. Хэсэгтээ Финланд болон Туркийн шигшээ багуудад ганц хожигдсон бол Украйнтай нэг тэнцэж 22 оноотой хэсгээ тэргүүлсэн.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Ха.Халльдоурссон (Данийн Раннерс), Ф.Шрамд (Данийн Роскилле), Р.Рунарссон (Норшелланн)

  • Хамгаалагч: Б.Севарссон (Валюр), С.Ингасон, Р.Сигурдссон (хоюулаа Оросын Ростов), К.Арнасон (Шотландын Абердин), Х.Эйёульфссон (Левски), Х.Магнуссон (Английн Бристол Сити), А.Скуласон (Бельгийн Локерен)

  • Хагас хамгаалагч: С.Фридйонссон (Норвегийн Волеренга), А.Гудмундссон (Нидерландын ПСВ Эйндховен), Й.Гудмундссон (Английн Бөрнли), Б.Бьярнасон (Английн Астон Вилла), Г.Сигурдссон (Эвертон), О.Скуласон (Туркийн Кардемир Карабюкспор), А.Гуннарссон (Уэльсын Кардифф Сити), Р.Гисласон (Германы Зандхаузен), Э.Хадльфредссон (Италийн Наполи), А.Траустасон (Шведийн Мальмо)

  • Довтлогч: Б.Сигурдарсон (Оросын Ростов), А.Финнбогасон (Германы Аугусбург), Й.Бёдварссон (Английн Рединг)

ДАШТ-ний хэсэг:

Анх удаагаа дэлхийн аваргад оролцож буй Исландын шигшээ баг D хэсэгт Аргентин, Хорват болон Африкийн төлөөлөл Нигерийн шигшээ багуудтай багтсан. Хэсгийн эхний тоглолтоо Л.Месси тэргүүтэй Аргентины шигшээ багтай хийнэ. Энэ тоглолт амаргүй байх бол дараагийн хоёр тоглолтондоо хожигдохгүй байхад хэсгээс гарах боломж бий. Хоёр жилийн өмнө Европын аваргаар сенсааци тарьж байсан Исландууд энэ удаагийн дэлхийн аваргаар дахин сенсааци дэгдээхийг таашгүй юм. 

Түлхүүр тоглогч:

28 настай Эвертон клубын хагас хамгаалагч Г.Сигурдссоныг Исландын шигшээ багаас онцлох хэрэгтэй. Энэ залуу европын аваргад маш сайн тоглосон бол дэлхийн аваргын сонгон шалгаруулалтанд шигшээ багаасаа хамгийн олон буюу дөрвөн гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулсан. Түүний тоглолтоос шигшээ багийнх нь амжилт нэлээд хамааралтай.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж