Зуны дэлгэр цагт хотол түмнээрээ баярлан цэнгэдэг, түүх соёлоороо бахархдаг наадам айсуй. Наадмыг үндэсний бөхгүйгээр төсөөлөх аргагүй юм. Гэтэл өнөөдөр Монгол үндэсний бөхийн холбоо гэх байгууллага хоёр хуваагдсан, хоёр тэргүүнтэй, талцсан байдал хэвээр байна.
Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулга дөрөвдүгээр сард бөхийн холбооны тэргүүн сонгохтой холбоотой маргаанаа эцэслэж, хууль ёсны хурлаа хийхийг анхааруулсан. Маргаан энэ хэвээр үргэлжилбэл бөхчүүдийн улсын цолыг хурааж, Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна гэдгээ мэдэгдэж байв.
Гэвч ерөнхийлөгчийн үгийг бөхчүүд хүлээж авсангүй. Тэд өнөөдөр ч хоёр тийшээ харсаар, маргалдсаар. Өнөөдрийн байдлаар бөхчүүдийн маргаан шийдэгдээгүй, Захиргааны хэргийн шүүхийн шатанд явж байна. Бөхчүүдийн маргааны гол бай болоод байгаа бөхийн өргөөгөөр манай сурвалжлах баг орсон юм. Тэнд очиход үйл ажиллагаа явуулаагүй, хаалга үүд нь цоожтой, гадна талаар нь бүдүүн уяагаар татсан, орохыг хориглосон, хамгаалалт гарсан байлаа. Энд тэндгүй прокурорын зөвшөөрлөөр үйл ажиллагааг түр зогсоов гэсэн бичиг наасан байлаа.
Монгол бөхийн өргөө нь анх 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад орсон бөгөөд 2500 үзэгчдийн суудалтай, 31 метр голч бvхий танхимтай. Тамирчид бэлтгэл сургууль хийх 5м2 талбай бvхий хоёр өрөө болон албан хэргийн 12 өрөө, зочид төлөөлөгчид, удирдлагуудыг хүлээн авах зочны тусгай хоёр өрөө, хоёр цайны газартай. Энэхүү өргөөг барихад тухайн үеийн Засгийн газраас 800 сая, үлдсэн хөрөнгийг ард түмний хандиваар босгосон байдаг.
Монгол бөхийн өргөөндөө үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа Монгол бөхийн холбоонд байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Монголын үндэсний бөхийн хоёр холбооны хүмүүстэй уулзаж зарим зүйлсийг тодруулсан юм.
“Гацуурт”-ын гэх Л. Чинбат тэргүүлсэн бөхийн холбооны Ү.Хүрэлбаатар:
-Бөхийн өргөөний асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой. Ажиллахгүй байгаа шалтгаан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Анх үндэсний бөхийн өргөөнд урлагийн тоглолт хийхийг хориглосон шаардлага хүргүүлсэн байдаг. Үүнийг тоохгүйгээр “Дуулах өдөр” тоглолтыг хийж байгаад 66 настай эмэгтэй хүн нас барсан байдаг. Бөхийн өргөө дүрэмдээ Монголын үндэсний бөхийн холбооны өмч гээд заачихсан боловч, бичиг баримтад энэ талаар тусгаж өгөөгүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, бөхийн өргөөг Монгол бөхийн үндэсний холбоонд бүртгүүлээгүй олон жил Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс явсан гэв.
Б.Бат-Эрдэнэ аваргын тэргүүлсэн бөхийн холбооны төлөөлөл болох Ц.Магалжав:
-Одоо Монгол үндэсний бөхийн холбоонд /МҮБХ/ үүсээд байгаа маргаантай асуудлууд шүүхээр шалгагдаж байгаа. Л.Чинбат гэдэг хүнд МҮБХ-ны гэрчилгээ тамга олгогдсон асуудал Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэн байгаа. Тавдугаар сарын 11, тавдугаар сарын 21, зургаадугаар 04-ний өдөр болох шүүх хурлууд Л.Чинбатын саналаар хойшлогдоод байна. 2018 дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ‘Гацуурт’ компанийн гэрээт хамгаалагчид бөхийн өргөөний хаалгыг эвдэж үймээн самуун гаргасан учир МҮБХ-ны асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдэгдтэл, мөн ‘Гацуурт’-ын гэх хүмүүс дахин үймээн самуун гаргахгүй гэсэн баталгаа гаргаж өгөх хүртэл БЗД-ийн прокурорын газраас Монгол бөхийн өргөөг битүүмжлэх захирамж гаргасан байгаа гэв.
Ард түмний өмч хөрөнгөөр боссон ‘Монгол гэр’ хэлбэртэй энэ сайхан байгууламжийг ард түмний өмнө нээлттэй болгож өгөхийг эрхэм улсын ерөнхийлөгчөөсөө энэ дашрамд хүсье. Таныг хэлсэнчлэн бөхийн өргөөний маргаан Монгол бөхчүүдийг талцуулж, энэ жилийн наадмаар бөх үзэх, эсэх нь эргэлзээтэй байна.
Н. ГАНБАТ