Жендерийн талаарх олон нийтийн ойголтыг халж, жендерийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сэтгүүл зүйн болон гэрэл зургийн шилдэг бүтээлийн эзэд өнөөдөр /2018.06.08/ тодорлоо. Оролцогчид “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо”, “Жендерийн тэгш байдал миний дуранд” гэсэн хоёр төрөлд бүтээлээ илгээсэн юм. Уралдаанд нийт 50 гаруй оролцогчийн 100 орчим сурвалжилга, мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлэг, асуудал хөндсөн цуврал нийтлэл, гэрэл зургийн бүтээлээр өрсөлдсөн. Хоёрдугаар сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд уралдааныг зарлаж, бүтээлүүдийг хүлээн авчээ.
Шилдэг бүтээлийн уралдааныг Монгол Улсын Засгийн Газар, Азийн хөгжлийн банктай хамтран ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулжээ. Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлэхдээ “Хоёр сарын турш үргэлжилсэн шилдэг бүтээлийн уралдааны үр дүнд олон нийт жендерийн тэгш байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлж, Монгол Улсын нөхцөл байдлыг бодитоор таньж мэдэхэд ахиц гарсан гэдэгт итгэлтэй байна” гэв.
Телевиз, радиогийн бүтээлийн төрөлд:
- Тэргүүн байр: Йигл телевизийн сэтгүүлч Б. Батцэцэг – “Бодит байдал” сурвалжилга
- Дэд байр: Эко телевиз- “Сэдэв” мэдээллийн хөтөлбөр
- Гуравдугаар байр: МҮОНР-ийн Хүүхэд, залуучуудын редакц- “Гэр бүлийн хөгжил ба жендерийн тэгш байдал” хөтөлбөр
Сонин, сайтын бүтээлийн төрөлд:
- Тэргүүн байр: “Өнөөдөр” сонин Х. Уянга – “Галбын говийн шинэ “эзэн”-ийг гарынхаа аясаар хөдөлгөдөг бүсгүй” хөрөг нийтлэл
- Дэд байр: Гэрэг.мн сайт Б. Цэцэгдэлгэр – “Ижил тэгш оролцоо илүү ихийг бүтээнэ”
- Гуравдугаар байр: Чөлөөт сэтгүүлч Ц. Оюунтунгалаг – “Манай цэцэрлэгийн “аав” багш”
“Жендэрийн тэгш байдал миний дуранд” гэрэл зургийн бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээл
- Тэргүүн байр: Г. Эрдэнэтуяа – Уул уурхай, хүнд үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн ажиллаж байна.
- Дэд байр: Баян-Өлгий аймгийн оролцогч Т. Али – Малчны хотхон дахь “Жендерийн тэгш байдал”
- Гуравдугаар байр: “Хайртай…” Цагдаагийн албанд бүсгүйчүүд ч ажиллаж байна. Саяхан төрсөн цагдаа эмэгтэй, гэр бүл, ажил, амьдралдаа хайртай.
Б.Мөнгөнтуул