Ливи газрын тос нийлүүлж эхэлснээр шатахууны үнэ буурах уу

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Ливи газрын тос нийлүүлж эхэлснээр шатахууны үнэ буурах уу

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Ливи улс гадагшаа нефть нийлүүлэхээ зогсоож, нэг үгээр хэлбэр өөрсдийгөө “Вакумжуулсан” билээ. Үүнийг мэдээж Төрийн эсрэг жагсагчид хүчтэй эсэргүүцэж, улмаар тэднийг АНУ болон барууны орнууд дэмжиж дайны гал ноцоосон билээ.

Тухайн үед олон улсын ажиглагчид болон нефть имп­лортлогчид энэ талаар өөрсдийн байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Тэд “Асуудлын гол нь АНУ, Ливийн газрын тосонд шунаж байгаа явдал” хэмээн тайлбарлаж байсан. Харин энэ нь хэр үнэн болохыг цаг хугацаа харуулж, хэсэг хугацаанд нэг баррель нефть хэзээ ч байгаагүй хамгийн өндөр үнэд хүрсэн билээ. Удалгүй Ливийн салан тусгаарлагчид өөрсдийн барууны дэмжигчидтэй газрын тос олборлодог томоохон хотуудыг нэг нэгээр нь эзэлснээр М.Каддафийн эрх мэдэл багасч, шинэ Ливи улсын  ирээдүй гэрэлтэх талаар хэвлэлүүд онцолж буй. Үүнтэй уялдуулаад дэл­хийн нефть олборлогч компаниуд болон исламын ертөнцийн орнуудаас газрын тосны нийлүүлдэг бусад орны хувьд баярлууштай мэдээ тэдний сонорт хүрсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Триполи хотод болсон байлдааны ялалт босогчдын талд эргэсэн хэрэг байв. Босогчдын “Шинэ эрин, шинэ Ливи” хөдөлгөөний тэргүүн Албадун Аль-Камэхийн мэдэгдэж буйгаар “Манай улсын ирээдүй ийнхүү гэрэлтэж эхэллээ. Хэдий олон арван мянган хүний амь эрсэдсэн ч эх орныхоо эрх чөлөөг ийнхүү авч эхэлж байна. Бидний санхүүгийн эх үүсвэр болсон газрын тосыг Триполи хотоор дамжуулан тун удахгүй эргэн нийлүүлэх болно” гэжээ. Уг мэдэгдлийн дараа дэлхийн нефтийн зах зээлд эргэлт гарч, нефтийн үнэ өдрөөс өдөрт буурч эхэлсэн талаар “Bloomberg” агентлаг мэдээлэв. Улмаар “Уолмарт”  дахь хөрөнгийн бирж, газрын тосны компаниуд хөдөлгөөнд орж эхэлсэн.  Ливи улс нь газрын тосны нөөцөөрөө 2011 оны байдлаар дэлхийд есдүгээрт ордог аж. Тус улс нь жилд 40 мянган тэрбум баррел газрын тос экспортолдог бөгөөд улсынхаа 85 гаруй  хувийн ашгийг   уг салбараас бүрдүүлдэг юм байна.

Хэрэв Ливи газрын тосоо олон улсын зах зээлд нийлүүлж эхлэх юм бол АНУ болон Евро бүсийн орнуудын санхүүгийн хямралд багахан ч гэсэн эерэг нөлөө үзүүлэх талаар санхүүчид тайлбарлаж байна. ОУВС-гийн тэргүүн К.Лагард “Ливийн эдийн засгийн гол тулгуур болсон газрын тосны нийлүүлэлт эхлэх юм бол  бусад орны хувьд томоохон  ач холбогдол өгөх нь тодорхой. Мөн өөрийн улс орны хувьд ч ашигтай санал бусдад нээж, түүгээрээ дамжуулан шинэ улсын сэргээн босгох ажилд зарцуулж болох юм” гэжээ. Мөн тэрбээр “Ганцхан өдрийн ялалт хэдий баталгаагүй ч Триполи хотыг эзэлсэнд дэлхийн газрын тосны зах зээлд эргэлт авчирч байгаа нь нэг талаараа сайн хэрэг” хэмээн Францын TV5 сувгаар ярьжээ. Дэлхийн газрын тосны зах зээл яах аргагүй Ливи улстай холбоотой талаар АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр CNN агентлагаар мэдэгдсэн юм.

Европын холбооны зүгээс “Ливийн асуудал нааштай болсон явдалд бид бүхэн баяртай байна. Учир нь Европын холбооны орнууд зөвхөн зүүн зүгээс буюу ОХУ-аас боловсруулсан нефть аваад  байж чадахгүй. Өмнө нь АНУ-ын зүгээс хийсэн Ирак, Афганистаны дайнаас болж хэсэг хугацаанд Африк тив болон исламын орнуудаас нийлүүлдэг газрын тос саатаж байсан удаатай. Энэ удаа сайн мэдээ дуулдаж газрын тосны үнэ буурч байгаа нь шатахууны үнэ буурахын дохио” гэжээ.

Ливи улс өдөрт 1.7 сая баррел газрын тос олборлож, олон улсад нийлүүлснээр дэлхийн хоёр хувийн нийлүүлэлтийг дангаараа бүрдүүлдэг талаар “Нью-ЙоркТаймс” сонин онцлов. Мөн Италийн газрын тосны “Eni”, Испанийн “Respol” компаниудын зүгээс “Арабын зарим орнуудаас газрын тос нийлүүлээд эхлэх юм бол санхүүгийн хямралаас гарах арга зам нээгдэнэ” гэж мэдэгджээ. Ийнхүү Ливи улсын газрын тосны нийлүүлэлтэд  олон улс орон томоохон найдлага тавьж байгаа нь тодорхой болсон. Евро бүсийн болон АНУ-ын санхүүгийн хямралаас гаргах цорын ганц гарц Ливи мөн үү, үгүй юу  гэдэг талаар маргааш евро бүсийн орнууд хуралдах болсон талаар BBC агентлаг мэдээлэв. 

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж