”Завьчин” ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

”Завьчин” ерөнхийлөгч

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч, каунт хэргэмт Жак Рогге өчигдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Монголын үндэсний олим­пийн хорооныхон түүнийг урьсан аж. Одоогоос яг арван жилийн өмнө ОУОХ-ны ерөнхийлөгчийн сэнтийд заларсан тэрбээр Бельгийн иргэн. Хамгийн гол нь 2012 оны Лондоны олимп хаяанд ирсэн энэ  үед Жак Рогге Улаанбаатарыг “тоож” хөл тавьсан нь тун  олзуурхууштай. Тэрбээр энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөн­­хий сайд С.Батболд нарт ба­раалхахаас гадна олимпоор овоглосон “гэр бүлийнхэнтэйгээ” уулзах товтой ирсэн байна. Жак Рогге төрийн “том­чуу­даас” гадна МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-нд 1977 оноос өнөөг хүртэл гишүүнээр ажиллаж буй Ш.Магван нартай уулзах юм байна. Олон улсын олимпийн хорооны босс Жак Рогге нь “цагаан гартай” дарга биш гэдгээрээ дэлхийд сайнаар хэлэгддэг төдийгүй шаггүй сайн тамирчин байсан аж. Дарвуулт завины төр­лөөр гурван удаа зуны олимпод оролцож байсан, завьчин юм билээ. Мөн регбийн шилдэг тамирчин аж. Спортын энэ төрлөөр л гэхэд Бельги улсын 16 удаагийн аваргаар тодорч байсан байна. Үүнээс гадна тэрбээр тамирчин байхдаа өвөл, зуны 14 удаагийн олимпод оролцсон нь хэн дуртай аавын хүүд олдохгүй ховор завшаан гэхэд болно. Зодог тайлсныхаа дараа ч спортооос холдоогүй бөгөөд Бельгийн Үндэсний олимпийн холбоо, Европын Үндэсний олим­пийн холбоог тэргүүлж байсан нэгэн. Харин эзэмшсэн мэргэжлийн хувьд гэвэл мэс заслын эмч. Тийм болохоор ч тэр үү Жак Рогге эмч хүний хувиар өчигдөр “Зак Рогге” нэртэй мэргэжил нэгт андтайгаа уулзсан юм. Сонирхуулахад манай улсад одоогоос 24 жилийн өмнө буюу 1987 онд ОУОХ-ны ерөнхийлөгч асан Х.А.Самаранч анх айлчилж байсан түүхтэй юм билээ.

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж