Манай гаригийн шайбтай хоккейн хамгийн том, хамгийн нэр хүндтэй лиг болох Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-н 2017-2018 оны улирлын тоглолт өндөрлөж, стэнлийн цомын эзэн тодорлоо. Энэ улирлын стэнлийн цомын эзнээр Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон ДиСи хотын Вашингтон Капиталс баг анх удаагаа тодорлоо.
NHL-н шувтаргын шатанд Өрнөд бүсээс шинэ цэрэг Вегас Голден Найтс, Дорнод бүсээс Вашингтон Капиталс багууд шалгараад байсан юм. Хоёр багийн цувралын эхний дөрвөн тоглолтонд Вашингтон Капиталс баг 3-1 харьцаатай тэргүүлж байсан бөгөөд өнөө өглөө цувралын тавдахь тоглолт Лас-Вегас хотын “Ти-Мобайл Арена” ордонд болсон. Хэрвээ тус тоглолтод зочин баг Вашингтон Капиталс ялалт байгуулж чадвал стэнлийн цомыг хүртэх хариуцлагатай тоглолт байсан бол талбайн эздийн хувьд хожигдох эрхгүй тоглолт байлаа. Ингээд тоглолтын нэгдүгээр үед хоёр багаас аль аль нь гоол оруулаагүй бол хоёрдугаар үед жинхэнэ гоолын “бороо” орсон. Зочдоос Чех рүүки Я.Врана, А.Овечкин нар гоол оруулсан бол талбайн эздээс Н.Шмидт, Д.Перрон болон Р.Смит нар тус бүр нэг гоол оруулж Вегас Голден Найтс тэргүүлж эхэлсэн. Харин шийдвэрлэх гуравдугаар үед энэ удаагийн плэй-оффт гайхалтай байгаа Вашингтон Капиталс багийн шинэ цэргүүд болох Д.Смит-Пелли, Л.Эллер нар тус бүр нэг гоол оруулснаар үндсэн цаг өндөрлөж Вашингтон Капиталс баг 4-3 харьцаатай ялалт байгуулсан. Ийнхүү Вашингтон Капиталс баг 44 жилийнхээ түүхэнд анх удаагаа, тус багийн ахлагч Орос залуу Александр Овечкин NHL-д өнгөрүүлж буй 13 дахь жилдээ анх удаагаа стэнлийн цомыг хүртэж байна. Алекс Овечкин стэнлийн цомыг хүртээд зогсохгүй плэй-оффын үнэ цэнэтэй тоглогч болсон.
Б.Бямбабаяр