УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэн билээ. Тус намын бүлгийн гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудал дээр хувь гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод хуралдаж, шийдвэрээ гаргах юм.
Тус асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлыг бүлгийн хурлаар нэлээд нухацтай ярилцсан. Бүлгийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлээд хувь гишүүд нууц санал хураалтаар оролцоно гэдэг шийдвэрээ гаргасан. Хуулийн дагуу холбогдох байнгын хороодоор орж нууц санал хураалт явагдана. УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууринаас саналаа өгнө. Чуулган дээр санал хураалт нууцаар явагдана” гэв.
Мөн тус асуудлаар МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатараас тодрууллаа.
-Бүлгийн хуралдаанаар Д.Гантулга гишүүнийг эргүүлэн татах асуудал дээр гишүүд байр сууриа нэгтгээгүй нь ямар учиртай юм бэ?
-Бүлэг ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.
-Нууц санал хураалтаар шийдэх юм уу?
-УИХ-ын Дэгийн тухай хуульд байгаа хүрээнд л асуудлыг шийднэ. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороон дээр хууль хүчний байгууллагын удирдлагын мэдээллийг сонсох ёстой. Энэ бол хувь хүний асуудал гэхээсээ илүү парламентын бүрэн эрхийн асуудал. Тиймээс олон талаас нь харж байж шийдэх хэрэгтэй.
-Та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Асуудал нь танилцуулгаар бидэнд орж ирээгүй байна. Орж ирэхээр нь харж байгаад шийднэ.