Циндаогийн дээд хэмжээний уулзалт ШХАБ-ын үйл ажиллагааг илүү эрчимжүүлэх эхлэл болно

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Циндаогийн дээд хэмжээний уулзалт ШХАБ-ын үйл ажиллагааг илүү эрчимжүүлэх эхлэл болно

Циндаогийн дээд хэмжээний уулзалт ШХАБ-ын үйл ажиллагааг илүү эрчимжүүлэх эхлэл болно

ЦИНДАО. (Синьхуа). Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ нь өнгөрсөн онд Энэтхэг, Пакистаныг бүрэн эрхт гишүүнээрээ элсүүлснээс хойших анхны дээд хэмжээний уулзалтаа энэ сард хийх гэж байгаа бөгөөд уг уулзалт нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал болоод хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ажиглагчид үзэж байна.

Бүс нутагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тухайлбал, терроризмыг үндсээр нь устгах, протекционизмын бодлого буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлогыг сөрөн зогсохын зэрэгцээ эдийн засгийн даяарчлалыг дэмжиж, бүх нийтэд үр өгөөжтэй засаглалыг бий болгох шаардлагатай болсон энэ цаг үед уг чухал дипломат арга хэмжээ нь Хятад улсын зүүн нутгийн Циндао хэмээх боомт хотод болох гэж байна.

ҮР ӨГӨӨЖТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

БНХАУ-ын дарга Си Зиньпин (зүүн гар талаасаа гурав дахь нь) ШХАБ-ын гишүүн бусад орны удирдагч, Энэтхэг болон Пакистаны Ерөнхий сайд нарын хамт. 2017 оны зургадугаар сарын 9-нд Казахстаны нийслэл Астана хотноо ШХАБ-ын гишүүн улс орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн 17 дахь удаагийн уулзалтын үеэр

2001 онд Шанхай хотноо үүсэн байгуулагдсан ШХАБ нь өдгөө бүс нутаг болон олон улсын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг бүс нутгийн нэгэн цогц байгууллага болж өргөжлөө.

ШХАБ нь Евразийн газар нутгийн 60 гаруй хувийг, дэлхийн хүн амын бараг тал хувийг эзэлдэг бөгөөд дэлхийн ДНБ-ий 20 гаруй хувийг бүрдүүлдэг юм.

Дэлхийн хамгийн олон хүн амыг хамарсан бүс нутгийн тус байгууллага нь Хятад, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Пакистан, Орос, Тажикистан болон Узбекистан гэсэн үндсэн найман гишүүнтэй билээ. Мөн тус байгууллагад дөрвөн улс ажиглагчийн, зургаан улс яриа хэлэлцээний түншийн статустай юм.

Тус байгууллагын түншлэлийн хүрээнд гишүүн улс орнууд нь аюулгүй байдал, эдийн засаг зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагагааг тууштай өрнүүлсээр байна.

Харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, эрх тэгш байдал, аливаа асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх, соёлын олон янз байдлыг хүндэтгэх, бүх нийтээрээ хөгжихийг эрхэмлэх зэрэг зарчмыг баримталдаг ШХАБ нь гишүүн улсуудынхаа дунд прагматик хамтын ажиллагааг бэхжүүлэхийг ямагт эрмэлзсээр ирсэн.

“Бүс нутагт аюулгүй байдлыг бэхжүүлэх нь ШХАБ-ын үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг юм. Тиймдээ ч тус байгууллагын гишүүн улсууд сүүлийн жилүүдэд терроризмтой тэмцэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан” гэж ШХАБ-ын Бүс нутгийн терроризмтой тэмцэх газрын гүйцэтгэх хорооны захирал Евгений Сысоев “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө хэлэв.

Түүний хэлснээр, ШХАБ-ын гишүүн улс орнуудын холбогдох байгууллагууд 2013-2017 онд террорист халдлага үйлдэх 600 гаруй төлөвлөгөөг таслан зогсоож, олон улсын террорист бүлэглэлүүдийн 2000 гишүүнийг баривчилсан байна.

Мөн өнгөрсөн хугацаанд ШХАБ-ын гишүүн улс орнууд нь терроризмтой тэмцэх хоёр талын болон олон талын олон сургуулилалт хийсэн юм.

Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятад улсын зүүн өмнөд нутгийн Сямэнь хотод тус байгууллагын гишүүн найман орон кибер терроризмтой тэмцэх сургуулилалт хийсэн билээ.

Энэ он гарснаас хойш ШХАБ-ын гишүүн улс орнуудын батлан хамгаалахын болон Гадаад харилцааны сайд нар Хятад улсад хуралдан, өмнөх дээд хэмжээний уулзалтуудын үеэр харилцан тохиролцсон асуудлууд хэр зэрэг ажил хэрэг болж байгааг хэлэлцээнээс гадна удахгүй болох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг авч хэлэлцжээ.

Мөн өнгөрсөн оны зургадугаар сард Казахстаны нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын 17 дугаар дээд хэмжээний уулзалтаас хойш тус байгууллагын гишүүн улс орнууд худалдааг хөнгөвчлөх, байгаль орчныг хамгаалах болон хууль эрх зүй, технологи болон бусад салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлаар олон удаа хуралдсанаар эдгээр салбарын хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гарчээ.

ШХАБ-ын гишүүн улс орнуудын аялал жуулчлалын албаны хүмүүс өнгөрсөн тавдугаар сард анх удаагаа уулзаж, энэ салбарт хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

ШХАБ-ын хамтын ажиллагаа нь гишүүн улс орнуудын ард түмний аж амьдрал төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болоод аюулгүй байдалд ихээхэн ашиг тусаа өгч байна. Тус байгууллага нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж, цаашид бүс нутаг болоод олон улсын тавцанд нөлөөгөө улам бүр бэхжүүлэхийг зорьж буй.

Удахгүй болох Циндаогийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Сайн хөршийн найрсаг харилцаа, түншлэл, хамтын ажиллагааны гэрээ”-г хэрэгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, терроризм, хэт давруу үзэл болон салан тусгаарлах үзэлтэй тэмцэх гурван жилийн төлөвлөгөөг тус тус соёрхон батлах аж.

Холбогдох бүх тал хүчин чармайлт гаргасны дүнд ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь тус байгууллагын цаашдын зорилго, чиглэлүүдийг тодорхойлсон амжилттай арга хэмжээ болно гэж ажиглагчид найдаж байна.

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН НИЙГЭМЛЭГ

Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний хөгжимчид. 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд Бээжин хотноо Бээжингийн олимпын паркт болсон ШХАБ-ын цэргийн хамтлагуудын наадамд оролцох үеэр. (Гэрэл зургийг Синьхуа/ Зюй Жэньхуа)

Энэ оны дөрөвдүгээр сард Хятад улс өмнөд нутгийн Хайнань муждаа Боаогийн Азийн чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ. Шинэчлэл, нээлттэй бодлогын шинэ эрин үеийг эхлүүлж байгаагаа уг чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин зарласан.

Хятад улсын эдийн засгийг хөгжүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн шинэчлэл, нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Хятад улс энэ оны сүүлчээр дэлхийн хэмжээний хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, есдүгээр сард нийслэл Бээжин хотноо Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг зохион байгуулах бол арваннэгдүгээр сард Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар үзэсгэлэн худалдаа болох юм.

Эдгээр арга хэмжээ нь “Хятадын онцлогтой дипломат ёс” болоод Хятад улс нээлттэй бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгааг дэлхий нийтэд харуулна.

Хятадын Газрын тосны их сургуульд сурдаг Оросын оюутан Закир (баруун гар талаас), түүний эгч Зайра нар “Сайн байна уу, Циндао”, “Сайн байна уу, ШХАБ” гэж хятад болон оросоор бичин барьжээ. 2018 оны тавдугаар сарын 3-нд Циндао хотод. (Гэрэл зургийг Синьхуа/Гуо СюйЛэй)

Тус улс “хүн төрөлхтний ирээдүйн төлөөх хамтын нийгэмлэг”-ийг бий болгож, харилцан итгэлцэл, шударга ёс болон хожил хожлын зарчимд тулгуурласан хамтын ажиллагааг чухалчилсан олон улсын харилцааны нэгэн шинэ төрлийг бий болгохыг эрмэлзэж буй. Мөн Хятад улсын “зууны төсөл” гэгдэж буй “Бүс ба зам” санаачилгыг дэлхий нийт дэмжиж байна.

2013 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилсан “Торгоны замын эдийн засгийн бүс” ба “XXI зууны далай тэнгисийн торгоны зам” санаачилга нь хүн төрөлхтний ирээдүйн төлөөх хамтын нийгэмлэгийг бий болгоход чиглэсэн чухал платформ юм.

“ШХАБ болон “Бүс ба зам” санаачилга нь нэг нэгэнтэйгээ харилцан уялдаа холбоотой. “Бүс ба зам” санаачилгын үзэл баримтлал ШХАБ руу хэдийнээ нэвтэрч, эерэг ахиц дэвшлийг авчирч байна” гэж Хятад улсын Нийгмийн ШУА-ийн судлаач Ли Зяньминь хэллээ.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимовын хэлснээр “Хүн төрөлхтний ирээдүйн төлөөх хамтын нийгэмлэг бий болгох төлөвлөгөө нь шударга ёсыг дээдлэх, нийтийн ашиг сонирхлыг хүндэтгэх, энх тайван замаар хөгжих гэсэн Хятад улсын үзэл баримтлалтай таарч байгаа” юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бээжин хотноо ШХАБ-ын гишүүн бусад долоон орны Гадаад харилцааны сайд нар, тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга бол Бүс нутагт терроризмтой тэмцэх газрын захирлыг хамруулсан уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэлэхдээ “ШХАБ-ын гишүүн бүх орон өөрсдийн үзэл баримтлалдаа үнэнч байж, ШХАБ-ын үндсэн зарчмуудыг дагаж мөрдөн, тус байгууллагыг өргөжүүлэн тэлэхэд өөрсдийн давуу талаа ашиглаж, бүх салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Хятад улс ШХАБ-ын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бүс нутгийн аюулгүй бөгөөд тогтвортой байдлыг хадгалан хамгаалахын төлөө тус байгууллагын гишүүн бусад оронтой хамтран ажиллахад хэзээд бэлэн” гэсэн юм.

ЦИНДАО-ШХАБ-ЫН ШИНЭ ЭХЛЭЛ

Хятад улсын зүүн нутгийн Шаньдун мужийн далайн эргийн Циндао хот дахь Жанцяо боомт. 2018 оны тавдугаар сарын 4-нд агаараас авсан зураг. “Цинтао” шар айраг, гэр ахуйн цахилгааны барааны “Хайэр” үйлдвэрийн өлгий нутаг Циндао хотод сүүлийн үед олон улсын хэмжээний чухал үйл явдлууд болж байна. Удахгүй тус хотод ШХАБ-ын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болно. (Гэрэл зургийг Синьхуа/Гуо СюйЛэй)

“Циндао бол олон улсын түвшинд хүрч хөгжсөн, орчин үеийн хот юм. Тус хот нь олон түүхэн газартай” гэж Циндао дахь Хятадын Газрын тосны их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан, Казахстаны иргэн Юнусбекова Меруйерт ярив.

“Би төгссөнийхөө дараа эх орондоо очиж, Хятадад сурахаар төлөвлөж буй залуучуудад туслах боловсролын төв нээнэ. Худалдаа болон эдийн засгийн салбараас гадна соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх өргөн боломж Хятад болон Казахстан улсад бий гэж би үзэж байна” тэрбээр хэллээ.

Циндао нь мөн ШХАБ-ын гишүүн найман улс орны илүү үр өгөөжтэй, илүү өргөн цар хүрээг хамарсан шинэ аяллын гараа болно.

Томоохон боомттой, өндөр хурдны галт тэрэг болоод цахилгаан бараа үйлдвэрлэлийн бааз болсон тус хот нь Хятад улс дэлхий нийтэд үүд хаалгаа улам өргөнөөр нээж буй энэ цаг үед ШХАБ-ын гишүүн улс орнуудтай илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

Хятад улс ШХАБ-ын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны анхны бүсийг Циндоад байгуулахыг тус улсын Худалдааны яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард дэмжсэн. Энэхүү бүс нь 2015 онд Циндао хот болон ШХАБ-ын Бизнесийн зөвлөлийн санаачилсан Евразийн Эдийн засаг ба Худалдаа аж үйлдвэрийн паркт оршдог юм.

Тус аж үйлдвэрийн паркт нийтдээ 18 тэрбум юань буюу 2.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 21 төсөл хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн онд Циндао болон ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын худалдааны эргэлт 4.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 9.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн тус хотын ШХАБ-ын гишүүн орнуудаас импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 41 хувиар өсөн 1.46 тэрбум ам.долларт хүрэв.

Гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг, Циндао хотноо төвтэй “Хайэр” компани нь ШХАБ-ын гишүүн улс орнууд, тухайлбал, Орос, Энэтхэг, Пакистанд салбартай.

Циндаод мөн соёлын газар олон бий. Кино үйлдвэрлэлтэй холбоотой баялаг түүхтэй тус хотыг ЮНЕСКО өнгөрсөн онд “Киноны хот”-оор нэрлэсэн. Энэ сард тус хот нь ШХАБ-ын кино наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг наадмын үеэр ШХАБ-ын гишүүн улс орнуудад хийсэн 60 орчим киног дэлгэцнээ гаргах аж.

Циндао хотоос ШХАБ-ын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ шат эхэлж, тус байгууллага хүн төрөлхтний ирээдүйн төлөөх хамтын нийгэмлэгийг бий болгоход илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно.

Эх сурвалж: ‘Өнөөдөр’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж