Ашиглалтын шаардлага хангахгүй болсон микробусыг нийтийн тээврээс шахах бодлого хэрэгжээд гурван жил өнгөрсөн ч одоог хүртэл зорчигчдод хурдан шуурхай үйлчилдэг ганц унаа хэвээр байна.
Амралтын өдрүүдэд том оврын автобуснууд 08.00 цаг өнгөрөөгөөд эцсийн буудлаас хөдлөх хуваарьтай тул өглөө эрт ажилтай хүмүүсийг хөл залгуулдаг нь микробусынхан.
Ажлын өдрүүдэд том оврын автобуснууд 21.30 цагт зогсдог тул шөнө оройн цагаар гэрт хүргэх унаа микробус болдог. Хэрэв энэ үйлчилгээ зогсвол нийслэлчүүдийн нэлээд хэсэг нь цалингаа таксинд өгөх болно. Орлого багатай иргэдийн хувьд өдөр бүр такси барих боломж бага, км тутамд мөнгө урсах тул хамгийн зардал бага шаарддаг нь юм. Гачлантай нь, микробусынхан үйлчилгээнд явж байхдаа саад бэрхшээл олныг давах шаардлагатай болдог. Замын цагдаа автобусны буудалтай ойр зохицуулалт хийгээд зогсож байвал зорчигчоо тухтайхан суулгаад, суудлаа дүүргэх эрх байдаггүй. Буцахдаа хоосон шахам давхих нь олонтаа. Ялих, шалихгүй шалтгаанаар торгуулах өдрүүд бишгүй. Ийн микробусынхан олон бэрхшээл саадыг даван нийтийн тээврийнхний ачаанаас үүрэлцсээр ирсэн ч төрөөс эрэлт, нийлүүлэлт хоёрыг хангасан зохицуулалтыг огт хийсэнгүй.
Үндсэндээ төрд гологдож, иргэдэд эрэлт үүсгэсэн унаа болж хувирсан гэж хэлж болно. Жил ирэх тусам микробусуудын нас явж, ашиглалтын шаардлага хангахгүй болж, жагсаалтаас гарах нь олон болохын хэрээр зорчигчдод бага оврын автобусны хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна.
Нийслэлийн тээврийн газар энэ онд автобус компаниудад парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн ч том оврын 400 автобус оруулж ирэхээр ажиллаж буй ажээ. Одоогоор жижиг оврын автобус оруулж ирж, нийтийн тээвэрт явуулах талаар төлөвлөсөн зүйл байхгүй гэнэ. Гэтэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээг харахаар ажил, хичээл эхлэх, тарах цагуудад том оврын автобус олноор нь явуулах шаардлагатай бол оргил бус цагуудад бага оврын автобус явуулах нь илүү тохиромжтой байдаг. Ингэж чадвал хоосон шахам давхиж, түлшээ дэмий зарцуулж, зардлаа өндөрт хүргэж байгаа автобус компаниудад хэмнэлт хийх боломж бий. Гэвч ямар шалтгаанаас болоод ийм зохицуулалт хийлгүй өнөөдрийг хүргэсэнд хэн ч хариулт өгдөггүй.
Дээр нь хотын төв хэсгээр микробус нийтийн тээврийн үйлчилгээнд явахыг хориглосон тул 21.30 цагаас хойш хулгайгаар хааяадаа явах тохиолдол байхаас үргэлж аз сорих эр зориг тэдэнд байдаггүй. Торгуулах бол энүүхэнд, машиныхаа бичиг баримтыг хураалгавал хоосон хоноход хүрнэ. Цаашдаа ийм аз эз сорьсон байдлаар нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэх, явуулах нь хаа, хаанаа ашиггүй тул одооноос энэ асуудлыг зохицуулах шаардлага тулгараад байна.
Сургуулиуд бага оврын автобусаар сурагчдаа тээвэрлэх болсоор багагүй хугацааг үдээд буй. Үүний нэгэн адил микробусыг орлох бага оврын “Асиа” маркийн автобусыг оруулж ирж, нийтийн тээвэрт ашиглавал эрэлт өндөр байгаа. Гол нь зохицуулалт. Хувиараа нийтийн тээвэр эрхэлж байгаа дээрх микробусынхны унааг яаж сэлбэлт хийж шинэчилбэл зохистой байна вэ гэдэг гарцыг л олох ёстой. Тэр цагт тэд ч ажлын байртайгаа үлдэнэ, зорчигчид ч хөнгөн шуурхай үйлчилдэг үйлчилгээтэйгээ үлдэнэ.
Г.ХОРОЛ