Ардын нам бөгс ухахаа больё

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

Ардын нам бөгс ухахаа больё

Ардын нам бөгс ухахаа больё

Бид хамтдаа:

-Иргэдээ ядуурлаас аварна

-Эх орноо өрнөөс салгана

-Төрийн дампуурлыг  засна

-Төсвийн байгууллагыг цөөлж, оновчтой бүтэц бий болгоно

-Тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлооно.

Энэ бол эрх барьж байгаа МАН-ын хоёр жилийн өмнө, өдийд иргэд бидэнд өгсөн амлалт. Ингэж амлаж, 65 суудал авсан эрх баригчид өнгөрсөн хугацаанд юу хийв, бидний амьдрал болоод улс оронд ямар өөрчлөлт дэвшил гарч ирэв ээ. 2016 оны зургадугаар 29-ны өдөр МАН үнэмлэхүй ялалт байгуулсан гэвэл, эрх мэдлийн тавцан дээр нийтдээ 700 хоног “бүжиглэж” байгаа тэдэнд хандаж иргэд ийм энгийн асуулт тавих эрхтэй. Харин тэдний хариулт нь сонин байна.

Хэдийгээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоод жил болоогүй ч тэрбээр Мэргэжлийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсныг нь тооцвол МАН-ыг эрх барьсан цагаас хойш хоёр жил төрийн бодлого боловсруулах, бодлого хэрэгжүүлэхэд гар бие оролцсон гэсэн үг. МАН-ын бүрэн эрхийн хугацааны 50 хувьд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй бүхэн У.Хүрэлсүхтэй уялдахаас ч аргагүй юм. Одоо тэр давхар дээлгүй Ерөнхий сайд мөн ч эрх барьж байгаа намын нэгдүгээр хүн учраас.

УИХ-д үнэмлэхүй олонх болсон Монгол ардын намын өнгөрсөн хоёр жил хийсэн ажлыг ерөнхийд нь ганц үгээр тодорхойлбол, Ардчилсан намын хийж, хэрэгжүүлсэн бодлого, төсөл болгоныг ухах төнхөх явдал байв. Мэдээж, хийсэн хэрэг нь олдохгүй бол хэрэгжүүлсэн бодлогоос нь алдаа гарч таараа.

Яг ийм арга барилаар ажиллаж байгаа эрх баригчид Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис, Самуурай бондын хэрэгжүүлэлт, Тавантолгойн цахилгаан станц болон Эрдэнэтийн 49 хувь, АСЕМ гээд Ардчилсан намын үеийн бодлого болгоныг бодлогоор шалгаж байна. Тэгвэл МАН засгийн эрхийг авснаас хойших өнөөдрийг хүртэлх хугацаанд өөр хоорондоо хэрэлдэх, засгаа огцруулах, экс Ерөнхий сайдуудаа барьж хорих, ШХАБ-д элсэх асуудлыг дэвэргэх гээд ам ангайлгасан дуулиануудаар ар араас нь бөмбөгдсөнөөс өөрөөр амлалтаа биелүүлэх ажил хийв үү.

Эдийн засгийн 5.1 хувийн өсөлт бол ОУВС-гийн хөтөлбөр болоод олон улсын зах зээлд зэс, нүүрсний ханш өссөнтэй холбоотой. Нэмээд НӨАТ-ын шинэчлэлт байна. Гавъяаг нь МАН өмчлөөд гайг нь Ардчилсан нам руу чихээд байгаа болохоос биш. Ардчилсан намын үед ярьдаг шинэчлэл, дэвшил, бодлого өнөөдөр УИХ дээр боов, порногийн асуудал болж хувирсан. Өөрөөр хэлбэл, МАН өнгөрсөн хоёр жилд сайхан ч хошгорууллаа, сайн ч молигодлоо. Эдийн засгийн 5.1 хувийн өсөлт нь лавтайяа иргэд, өрх бүрт хүрч үйлчлээгүй л байна.

Ямартай ч Ардын намын үед хийсэн ажил хэрэгжүүлсэн бодлогоосоо бол Монгол Улсын хоёр ч Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд асан, Монголбанкны экс ерөнхийлөгч гээд хуулийн хаалга татаж, 461 дүгээр ангид орж, гараагүй хүн Ардчилсан намд тун цөөхөн байна. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Н.Золжаргал гээд тоолбол Ардчилсан намаас АТГ-ын хаалгаар орж гараагүй хүн ховор. АТГ нь ч гэж улстөрчидтэйгөө адилдаа адил, годилдоо годил болсон. “Манайхаар ороод гараач” гэж дуудангуутаа аваачаад хорьчихдог нь, гэрчийг яллагдагч болгодог нь тус байгууллагын хувьд гэм биш зан болж.

МАН-ынхан өнөөдөр “Чалкогийн өрийг дарсан, АН-ын тавьсан зээлийг төлсөн, хямралаас гаргасан, эдийн засаг өссөн, ажлын байрыг нэмсэн” гэж ярих байх л даа. Эсрэгээр нь иргэд махны үнэ өссөн, шатахууны үнэ өссөн, амьжиргааны төвшин буурсан, авдаг цалин нэмэгдээгүй гэвэл МАН-ын ярих, иргэдийн хэлэх хоёр яг тэнцэнэ. Хорооллын дэлгүүр, захын цайны газраар шагайгаад үзээрэй. Орлого нь буурсан, лангуу нь хоосорсон дүр зураг угтах вий. Тэр эдийн засгийн өсөлт нь тэгээд хэний компанид, аль намынханд очиж “үйлчлээд” байгаа юм бүү мэд. Амьдрал дээр хямрал байсаар л байна.

Засаглах эрхийнхээ талд нь орсон МАН-д хоёр жил үлдсэн ч, ажил хийж амжих хугацаа нь нэг жил. Энэ зургаан сараас ирэх оны зургадугаар сар хүртэл У.Хүрэлсүх улс төрийн болоод эдийн засагт реформ хийж чадахгүй бол МАН бүтэн дөрвөн жилийг бусдын бөгс ухахад зарцуулсан гэх нэг нэр хоёр хочтой үлдэнэ. Гэхдээ мэдээж, улс төрийн реформ нь ШХАБ-д улсаа элсүүлэх асуудал биш гэж найдъя.

Ингээд хоёр жилийн ойтойгоо золгож байгаа МАН-ын засагт баярын мэнд урьдчилан хүргэхийн сацуу бусдын хошного ухаж, бусдын хошногыг улайлгахаа болиод хоёр жилийн өмнө өгсөн амлалтаа өнөөдрөөс хэрэгжүүлэхийг ерөөе. Ерөөл бат оршиг  дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж