-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж Засгийн газраас гаргасан бондыг арилжаалж буй. Санхүүжилтийг яг хэзээнээс олгож эхлэх юм бэ?
-Бонд арилжаалах ажил энэ сарын 9-нд эхэлсэн. Энэ сардаа багтаад 100 тэрбум төгрөгийн бонд арилжаалах ёстой. Одоогийн байдлаар 50 тэрбум төгрөгийн бонд арилжаалсан байна. Гуравдахь удаагийн арилжаа өнөөдөр /өчигдөр/ болж байна. Бонд нэгэнт гарчихлаа. Тиймээс эхний ээлжийн 25 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр хуваарилна. Өнөөдрийн байдлаар уг мөнгийг арилжааны банкуудад хэрхэн шилжүүлэх тухай хуваарийг гаргасан байна. Ямартай ч улсын хэмжээнд холбогдох байгууллагууд бүх төсөл, хөтөлбөрүүдийг хүлээгээд авчихсан байгаа. Дэмжих, санхүүжилт олгох төсөл, хөтөлбөрүүдийн ихэнхийг нь сонгон шалгаруулсан. Цөөн аймагт шалгаруулж дуусаагүй байдалтай байна. Гэхдээ бүх ажил цаг хугацаандаа явж байгаа гэж ойлгож болно.
-Ер нь бодлогыг хааш нь чиглүүлж байна вэ. Сумдын иргэд “Орон нутагт ажлын байр бага.Үйлдвэрлэл хөгжөөгүй” гэсэн хариултыг голчлон өгч байна шүү дээ?
-Үүнийг бид ойлгож байгаа. Нэг асуудал нь 2009 оноос өмнө эх үүсвэр хангалтгүй байлаа шүү дээ. Төрөөс ямар нэг эх үүсвэр гаргаагүй байсан үе. Зээлийн хүү нь ч өндөр байсан. 2009 оноос хойш 30, 30 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгосон. Аймгуудад төдийгүй сумдад байгаа үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Ямартай ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 60 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 3300 орчим иргэн, аж ахуйн нэгжид олгосон. Улмаар 11 мянган ажлын байр бий болгосон байна. Мөн 18 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн. Энэ бол бодит статистик тоо. Нөгөө талаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санхүүжилтийг аймаг руу түлхүү оруулах уу, сумд руу оруулах уу гэдгийг ч бодлогын хүрээнд харж чадсан. Сумдад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зах зээл маш бага байдаг.
-Тэгэхээр сумдад ямар арга хэмжээ авах нь дээр гэсэн үг вэ?
-Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах арга зам нь хоршооллыг хөгжүүлэх явдал. Дор хаяж сум бүрт нэг жишиг хоршоо байгуулах чиглэл өгөөд байна. Сумдын иргэд хөрөнгө мөнгөө нэгтгээд, нэгдсэнийхээ хөлсөнд улсаас дэмжлэг аваад явах хэрэгтэй л гэсэн үг. Нэгдэх хэрэгтэй байна. Өөрсдөө хэрэглэгч болох хэрэгтэй байна. Нэг суманд таван талхны цех, таван гутлын үйлдвэр ямар ч хэрэггүй. Сумдад хоршоог түлхүү хөгжүүлж, түүгээр дамжуулж төрийн бодлогыг хүргэх нь илүү үр дүнтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
-Тэгэхээр аймгийн төв, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа, явуулах үйлдвэрүүдэд санхүүжилтийг түлхүү олгоно гэж ойлгож болох уу?
-Аймаг бол үйлдвэрлэл хөгжсөн том зах зээл. Бүсчилсэн хөгжлийн бодлогоор хөгжиж байгаа. Тиймээс 150 тэрбум төгрөгийг бүсчилсэн хөгжлийн бодлогоор зарцуулна гэсэн үндсэн чиглэл байгаа. Учир юу вэ гэвэл, томыгоо дагаж жижиг нь хөгждөг тийм зах зээлийг бий болгоно л гэсэн үг шүү дээ. Бүх жижгүүдийг хөгжүүлнэ гэвэл зах зээл байхгүйн дээр бие биетэйгээ өрсөлдсөн, нурсан бодлого болно. Жишээлбэл, Японы “Тоёота” үйлдвэрийг дагасан 1000 жижиг аж ахуй нэгж байгаа. Ботид байдал ийм. Манайх үүнээс суралцах хэрэгтэй. Томоохон үйлдвэрээ барьдаг, тэр үйлдвэртээ жижиг үйлдвэрүүд нь түүхий эдээ өгдөг. Түүнээс бус бүгдээрээ эцсийн, мундаг, мундаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, түүнээсээ болоод уналтад ордог байж болохгүй. Үүнийг бодлогоор хязгаарлана. Тиймээс аймаг, нийслэлд зээл олгодгоороо олгоно. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зээл олгоно. Мөн санхүүгийн түрээсийн, тоног төхөөрөмжийн лизингийн зээлийн эх үүсвэрийг зарим хэсэгт олгоно гэж ойлгох хэрэгтэй. Мэдээж сумдад ч тодорхой хэмжээний санхүүжилт өгнө.
-Ер нь хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ санаа, техник, технологид тулгуурласан үйлдвэрүүд бий болж байна уу?
-Мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ Монгол орны хувьд мал аж ахуй, газар тариаланд тулгуурласан үйлдвэрлэлээ түлхүү хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнийгээ бас л шинэ гэж ойлгох хэрэгтэй. Бид их л том юм бодож байгаа мэт харагддаг. Гэтэл яг үнэн чанартаа бол арьс ширийг 2000-3000 мянган төгрөгөөр малчнаас авч байна. Тэр нь ченжийн гараар дамжаад цаашаа 20, 30 ам.долларын үнэ хүрчих жишээтэй. Тэгээд боловсруулаад 100 ам.долларын үнэтэй болсон бүтээгдэхүүнийг өөрсдөө уралдаад худалдаж авдаг. Ийм л арчаагүй байдалд байгаа. Уг нь эцсийн бүтээгдэхүүн боловсруулах зах зээл хангалттай байгаа. Тиймээс ч санхүүжилтийн эх үүсвэрийн дийлэнх хэсгийг түүхий эд, мал аж ахуйд, өөрийнхөө нөөц бололцоонд тулгуурласан төсөл рүү оруулах нь дамжиггүй. Мэдээж нөгөө талд нь шинэ технологит суурилсан үйлдвэрүүдийг ч дэмжинэ. Жишээ нь, Монголд чихрийн манжин тариад, түүгээрээ элсэн чихэр үйлдвэрлэх төслийг дэмжиж байгаа.
"Улс төрийн тойм" сонин