"Хоёр Солонгосын баг нэгдэн орно гэж бодож байсангүй"

Хуучирсан мэдээ: 2018.06.08-нд нийтлэгдсэн

"Хоёр Солонгосын баг нэгдэн орно гэж бодож байсангүй"

"Хоёр Солонгосын баг нэгдэн орно гэж бодож байсангүй"

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох БНСУ, БНХАУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонконгийн баг тамирчид Монгол Улсад ирээд байна. Ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болох тус тэмцээнд хоёр Солонгос багийн төрлөөр нэгдэн оролцохоор болсон билээ. Энэ нь хоёр Солонгос зуны спортын төрөлд нэг далбаан дор нэгдсэн баг илгээж байгаа анхны тохиолдол болж байна. Хоёр Солонгосын баг тамирчид өнөөдөр /2018.06.08/ Төрийн ордонд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой уулзлаа.

Энэхүү уулзалтын үеэр З.Энхболд хэлэхдээ “Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шийдвэрээр зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Энэхүү тэмцээний нэг онцлог нь хоёр Солонгос нэгдэн баг болон оролцож байна. Хоёр баг нэг тугийн дор оролцох санал тавихад хоёр холбоо зөвшөөрлөө. Олон улсын жүдо бөхийн холбоо болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын дэмжлэгтэйгээр хоёр баг нэгдэн оролцох болсонд талархаж байна. Баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Энэ үеэр хоёр Солонгосын багийн ахлагч нар талархлаа илэрхийллээ.

БНСУ-ын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чул

БНСУ-ын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чул “Монгол Улсад дахин саатсандаа баяртай байна. Бид ийм зүйл болно гэж бодож байсангүй. Сайхан хэрэг болж байна. Хоёр Солонгосын нэгдсэн баг болон оролцож байгаад баяртай байна. Бүх тамирчдад спортын өндөр амжилт хүсье” гэсэн юм.

БНАСАУ-ын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Вон Кёонг Ил

БНАСАУ-ын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Вон Кёонг Ил хэлэхдээ “Өнөөдөр эх орноо төлөөлөн тамирчидтайгаа ирсэндээ баяртай байна. Бид энэ тэмцээнд хүчин чармайлт гарган оролцохоор бэлтгэсэн. Мөн Өмнөд Солонгосын тамирчидтай хамтран оролцохоор болсонд баяртай байна” гэсэн юм.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд нэгдэж орсон хоёр Солонгос манай улсад болох жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд нэгдсэн багаа оролцуулахаар болсон нь олон улсын анхаарлыг татаж эхэлсэн.

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш, нөгөөдөр Спортын төв ордонд болно. Тэмцээний эхний өдөр буюу маргааш ганцаарчилсан төрлийн барилдаан болох бол Ням гаригт багийн төрлөөр өндөрлөнө. Тэмцээний нээлтийн ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлнэ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж