Монголын сагсан бөмбөгийн 3х3 багийн тамирчид сүүлийн жилүүдэд үнэмлэхүй амжилтыг үзүүлж байгаа. Багийн төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) оролцоно гэдэг мөрөөдөл мэт байсан бол өнөөдөр биелэлээ олж байна. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж буй 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Филиппин улсын нийслэл Манила хотод эхэллээ.
FIBA 3×3 ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй шилдэг багууд очсон бөгөөд тэдний дунд С.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын эрэгтэй шигшээ баг багтсан.
Ингээд Монголын сагсан бөмбөгийн 3х3 холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай ярилцсанаа хүргэе.
– Монголын сагсчид тун завгүй байна. Хэдхэн хоногийн өмнө төв талбайд FIBA 3×3 дэлхийн гран-при тэмцээнийг зохион байгууллаа. Эндээс яриагаа эхлэе?
-Монгол Улсад анх удаа болсон FIBA 3×3 дэлхийн гран-при тэмцээн зургадугаар сарын 1-3-ны өдрүүдэд төв талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхийн шилдэг багууд ирж тоглосон болохоор өрсөлдөөн ихтэй байлаа. Мэдээж манай баг тамирчид өөрийн талбай дээр сайн тоглож, цаашлаад медальд хүрэх зорилгыг тавин тоглосон. “Улаанбаатар Хангарьд” баг хэсгээсээ шалгарч шилдэг наймд үлдэн ОХУ-ын “Москва”-ыг хожиж, дөрөвдүгээр байрт орлоо. Тэмцээний аваргаар Словений шигшээ баг шалгарч Австралийн “Мельбурн”, Сербийн “Novi Sad” багууд хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байгаа.
-Монгол Улсад FIBA хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Үүний нэг нь Ази-Африк тивийн ‘FIBA 3×3 U23 Nations League’ тэмцээн байсан?
-Тиймээ. FIBA хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Ази-Африк тивийн ‘FIBA 3×3 U23 Nations League’ тэмцээн Сүхбаатарын талбайд боллоо. Мэдээж энэ боломжийг манай залуус ашиглаж, ур чадвараа ахиулахын зэрэгцээ өөрсдийнхөө тоглолтыг үзүүлж чадлаа. Тэмцээнд БНХАУ, Индонез, Шри-Ланк, Уганда, Монголын залуучуудын баг өрсөлдсөн. Хүүхдийн баярын өдрөөс эхлэн гурван хоногийн турш төв талбайдаа сагсан бөмбөгөөр амьсгалж чадлаа.
-Та тэмцээний өмнө Ерөнхийлөгчтэй уулзсан шүү дээ. Тэр талаар сонирхож байна?
-Сагсан бөмбөгийн 3×3 төрөл олимпийн төрөлд багтсан. Энэ бол хотын спортын нэг төрөл юм. Тухайн улсын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг, эсвэл төв талбайд ч юм уу зохион байгуулагдах дүрэмтэй. Тиймээс бид дээрх тэмцээнийг зохион байгуулахын тулд Сүхбаатарын талбайд бэлтгэл ажлыг тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хийсэн. Тоглолтын турш тасралтгүй хөгжим явах ёстой. Талбай хүртэл тусгай зориулалтын байдаг. Гэтэл эхний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хажуугаар явж таарсан. Тухайн үед талбайн угсралтын ажил явагдаж байсан болохоор Ерөнхийлөгч өөрөө биеэрээ үзэж сонирхсон. Түүнд Улаанбаатар дэлхийн гран-при тэмцээний талаарх мэдээллийг өгсөн. Мөн 2020 онд Азийн хүүхдийн наадам Монголд болно. Үүнд сагсан бөмбөгийн 3х3 төрөл багтсан. Энэ талаар Ерөнхийлөгч сонирхож байсан.
-Сагсан бөмбөгт дуртай монголчуудын хувьд өнөөдрөөс эхлэн Филиппин улсаас сайхан мэдээ хүлээж байна. Багийн спортоор ДАШТ-д оролцох нь мөрөөдөл мэт байсныг та бүхэн харуулж чадлаа. Олон хүн энэ амжилтад талархаж байна?
-Өнөөдөр Филиппинд FIBA 3×3 ДАШТ эхэллээ. Энэ тэмцээнд Монголын баг орох эрхээ 2017 оны арваннэгдүгээр сард авч байсан. FIBA 3×3 ДАШТ бол монголчуудын хувьд түүхэнд бичигдэх нэгэн үйл явдал болж байна. Багийн спортын төрөлд ДАШТ-д оролцоно гэдэг бол мөрөөдөл мэт байсан шүү дээ. Тэгвэл нэг жилийн өмнө FIBA 3×3 дэлхийн чансааны 197-д бичигдэж байсан Монгол улсын баг ардаа 192 орныг орхиж, өнөөдөр тавд эрэмбэлэгдэж байна. Босго өндөр ДАШТ-д бид сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөж эхэллээ. “Токио 2020” олимпийн наадамд багтсан төрлийн хувьд бид цааш улам л амжилтаа ахиулахыг зорьж байна.
-Манай багийн тоглолтын хуваарийг танилцуулахгүй юу?
-50 мянган хүний суудалтай Дэлхийн сагсан бөмбөгийн ордон болох Филиппин Аренад дэлхийн шилдэг багууд цуглараад байна. Эрэгтэй 20 баг өрсөлдөхөөс Монгол Улсын шигшээ баг “С” хэсэгт ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай багтсан. Эхний тоглолтоо маргааш Канадтай хийнэ. Үүний дараа тэмцээнийг зохион байгуулагч Филиппиний сагсчидтай тоглоно. Харин хэсгийн сүүлийн хоёр тоглолтууд ням гаригт явагдана. Багуудын тоглолтын үр дүнгээс хамаарч цааш тоглох аль багууд хасагдах шатанд өрсөлдөх эсэх нь тодорхой болно.
-Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дүрмийг сонирхож байна?
-3х3 харьцангүй гоё дүрэмтэй. 15х11 метрийн талбайтай. Тоглолт 10 минут үргэлжилнэ. Довтолгоог 12 секундэд хийнэ. Баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ч талбайд гурав нь тоглоно. 10 минутаар түрүүлж, 21 оноо авсан баг хожино. Үндсэн цагт тэнцээ хийх бол нэмэлт үе яваад түрүүлж хоёр оноо авсан баг нь хожлыг авах дүрэмтэй.
ТАЙЛБАР: Филиппиний Манила хотод болж буй FIBA 3×3 ДАШТ-ий албан ёсны сайт: http://www.fiba.basketball/3x3WC/2018/games