Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ- эхлэхэд зургаан хоног үлдлээ. News агентлаг ДАШТ-ийг угтан цуврал ярилцлагуудыг хүргэж байна. Энэ удаа Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатартай ярилцлаа.
-Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд долоон хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Монголын хөлбөмбөгийн холбооноос фанатуудад зориулсан хөтөлбөрийг эхлүүллээ. Эндээс яриагаа эхлэе?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтаж Монголын фанатуудад зориулж “Fan day” өдрийг лхагва гаригт зохион байгууллаа. Энэ өдөрлөгөөр Монголын хөлбөмбөгийн холбооны танилцуулгыг илүүтэй хийсэн. Манай фанатууд гадаадын багаа дэмжээд эхэлчихсэн. Тэдний хувьд өөрийн дуртай Герман, Англи, ОХУ гээд багуудаа дэмжээд явчихдаг. Харин бид дотоодын лигийн тэмцээнд оролцож буй багууд болон шигшээ багуудаа танилцуулж, хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг танилцуулсан өдөрлөгийг хийлээ. Үүний дараа ирэх долоо хоногоос эхлэн NTV, MNB Үндэсний телевизтэй хамтран ДАШТ-ий талаарх ярилцлага, сонирхолтой хөтөлбөрүүдийг бэлтгэж байна. Энэ үеэр лигийн тэмцээн явагдана. Сар бүр шалгаруулдаг шилдэг тоглогч болон шилдэг фанатуудыг шалгаруулна. Бидний хувьд фанатуудад зориулсан тусгайлсан хөтөлбөрүүдийг гарган ажиллаж байна. Мөн ДАШТ эхлэх үеэр хөлбөмбөгийн талбай дээр асар байгуулахаар төлөвлөж байгаа. Монголын фанатууд ДАШТ-ийг олуулаа сууж үзэх боломжоор хангах бэлтгэл ажлыг хийж байна.
-21 дэх удаагийн ДАШТ-ий тоглолтуудыг монголчууд үзэх бүрэн боломжтой. Түүнээс гадна өсвөрийн хоёр тамирчин олон улсын “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцохоор болсон шүү дээ?
-Үнэхээр гайхалтай үйл явдлууд олон болж байна. Бас монголчуудын хувьд хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтуудыг үзэх ховор боломж бий. Үүнд хөгжөөн дэмжигчдийн хувьд эртнээс бэлтгэсэн байх. Өсвөрийн тамирчид болох Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар өчигдөр хойд хөршийг зорьсон. Тэд “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцож дэлхийн олон орны хүүхдүүдтэй хамт байна. Мөн ДАШТ-ий үеэр дэлхийн одуудын аль нэгэнтэй нь уулзах боломж тэдэнд байгаа. Ямарч фэнүүд ойртлоо гэхэд стадион дотор үзнэ. Гэтэл манай хоёр тамирчин талбайд орох бүрэн эрхтэй. Монголын тамирчдаас хамгийн түрүүнд ДАШТ-ий талбайд гарах түүхэн үйл явдал тохионо. Э.Даринчулуун хөлбөмбөгчөөр, Ш.Эрхэс сэтгүүлчээр ажиллана. Тэдний оролцох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестиваль Москва хотод өнөөдөр эхлээд долоон хоногийн турш үргэлжлэн явагдана.
-ОХУ-д шилдэг 32 багийн түрүүч ирлээ. Ираны баг тамирчид Москвад ирж бэлтгэлдээ гарчихлаа. Монголын хөлбөмбөгийн холбооны төлөөлөл хэзээ хойд хөршийг зорих вэ?
–Бид Монголын хөлбөмбөгийн холбоогоо төлөөлөөд энэ сарын 10-ны өдөр Оросыг зорино. Энэ үеэр Азийн хөлбөмбөгийн холбоо болон Дэлхийн хөлбөмбөгийн холбооны конгресст оролцоно. Үүний дараа нээлтийн тоглолтод оролцоод ирэхээр байгаа.
-Энэ жилийн хувьд “Алтан цом” Монголд ирсэн шүү дээ?
-21 дэх удаагийн ДАШТ-ий цом дэлхийн 51 орноор зочлоход Монголд саатсан. Энэ үйл явдал өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болж, Монголын хөлбөмбөгийн фанатуудын хувьд түүхэн өдөр болсон. “Алтан цом”-д тухайн улсын Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй. Энэ хүндтэй үүрэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад оногдсон. Тиймээс “Алтан цом”-д гар хүрсэн анхны монгол хүн нь Ерөнхийлөгч болсон. Үнэхээр түүхэн өдрүүд тохиосоор байна. ДАШТ эхлэхээр олон ч үйл явдал гарна. Монголчуудын хувьд хойд хөршид болж байгаагаараа улам л онцлог болж байна.
-Таны хувьд ДАШТ-д оролцож байгаа 32 багаас алийг нь дэмжиж байна вэ?
-Би 1982 оноос хойш Германы шигшээ багийг дэмжиж ирсэн. Германы баг дөрвөн удаа түрүүлээд байгаа. Мэдээж тэднийг энэ удаа түрүүлж, тав дахь удаагаа цом өргөөсэй гэж хүсч байна.
-Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудыг энэ жил ямар тэмцээн хүлээж байгаа вэ?
-Ирэх есдүгээр сард Монгол Улсад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн болно. Үүнд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өрсөлдөнө. Мэдээж бидний хувьд хэсгээсээ шалгарч гарах нь чухал байгаа. Тиймээс биднийг маш их ажил хүлээж байна даа.