Эрдэнэт ба Оюутолгойн ажлын хэсгүүдийн ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

Эрдэнэт ба Оюутолгойн ажлын хэсгүүдийн ажиллагаа

Эрдэнэт ба Оюутолгойн ажлын хэсгүүдийн  ажиллагаа

Монгол Улсад зэс олборлодог хоёр том компанийн хувь заяаны асуудал УИХ дээр ид яригдаж байна. УИХ-ын даргын захирамжаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн маргаан, Арбитрын шүүхийн шийдвэрийг шалгах, мөн Оюутолгойн гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах Ажлын хэсгүүдийг байгуулсан. ‘Эрдэнэт’-ийн ажлын хэсгийг Я.Санжмятав, ‘Оюутолгой’-н ажлын хэсгийг  Д.Тэрбишдавга ахалж буй.

Б.Пүрэвдорж: “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкны өрийг төлөхөөс өөр гарцгүй болсон

 

Д.Тэрбишдагва: Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг 23-ны дотор шалгалтын дүгнэлтээ гаргана

‘Манай саалийн ганц үнээ’ гэж улстөрчдийн тодорхойлох дуртай,  Монголын топ татвар төлөгч “Эрдэнэт’ үйлдвэр тойрсон олон маргаан бий. Үүний нэг нь Өмнөд Африкийн ‘Стандарт’ банкнаас авсан Ш.Батхүүгийн дуулиан.  Хувь хүний гадаадын банкнаас зээл авахдаа ‘Эрдэнэт’-ийг барьцаанд тавьсан асуудал энэ үйлдвэрийг их өр төлбөрт оруулснаас гадна хувь заяа нь дээсэн дөрөөн дээр очиход хүргэсэн. Ийн хэлэхийн учир нь “Жастын” Ш.Батхүү “ Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсантай холбоотойгоор 102 сая ам.долларын өр төлбөрийг ‘Эрдэнэт’ үйлдвэр төлөхөд хүрч магадгүй байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн маргаан, Арбитрын шүүхийн шийдвэрийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаа хуралдаж, тэд Олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр, бусад этгээдтэй холбогдох мэдээ мэдээлэл, материалд үндэслэн шалгалтыг явуулж байгаа юм. Өнгөрөгч тавдугаар сарын 1-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот дахь “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөөлөгчийн газарт ажлын хэсгийнхэн ажиллаж мөн Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр”-т очиж ажиллажээ. Түүнчлэн тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, бас ажиллагсадтай нь уулзсан байна.

Ажлын хэсгийн зүгээс Засгийн газар, Төрийн өмчийн хороонд “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдох дээрх асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах ёстой гэдэг албан бичиг хүргүүлсэн ч харамсалтай нь одоогоор хариу өгөөгүй байна. Хамгийн ноцтой нь “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан асуудалд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар холбогдох цагаан захтнуудад хуулийн ямар ч хариуцлага тооцох боломжгүй болсон гэдгийг тус ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлж байгаа юм.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн асуудал нь мөн шүүх дээр будилаантай. Дээрээс нь ТУЗ-ийн шийдвэргүй учраас одоогийн удирдлагууд нь тодорхой шийдвэр гаргахгүй байгаагаас үүдэж Арбитрын шүүхээс гаргасан зээлийн төлбөрийн хүү нь өдөр тутам гүйсээр байгаа. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрт том эрсдэлийг авчирч байна. Тийм учраас Засгийн газар, Төрийн өмчийн хороонд “Стандарт” банкны төлбөрийн асуудалд тодорхой шийдвэр даруй гаргахгүй бол өнөөдрийн байдлаар хэн ч хариуцлага хүлээхгүй, хэн ч энэ асуудалд санаа зовохгүй төлбөр улам нэмэгдсээр байна гэдгийг албан бичгээр хүргүүлсэн. Зарим нэг улстөрчид ялангуяа, МАН-ын гишүүд “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдох “Стандарт” банкны асуудалд гол буруутнуудыг олж хуулийн хариуцлага хүлээлгэж холбогдох хүмүүсээр өрийг төлүүлнэ гэх амлалтыг ярьж байгаа. Гэтэл бодит байдалд энэ нь боломжгүй юм. Яагаад гэвэл 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан Эрүүгийн хуулийн 22.2-т “Нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт 1-5 жилийн ял оногдуулна. Ингэхдээ энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж заасан байдаг. Гэтэл 2013 онд болсон “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдох дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дууссан. Өөрөөр хэлбэл “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан асуудалд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар холбогдох ямар ч цагаан захтанд хариуцлага тооцох боломжгүй болчхоод байгаа юм.

Хоёрдугаарт, Жастын Ш.Батхүү гэгч нь “Надад юу ч байхгүй. Хоёр чихийг минь ав”, Эрүүгийн хариуцлага хүлээнэ” гээд сууж байгаа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар аваад үзвэл, “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд өрийг зайлшгүй төлөхөөс өөр гарцгүй болж хувирсан байна. Нэгэнт ийм нөхцөл байдалд орсон учраас хариуцлага цагаан захтнуудад бус Эрдэнэт үйлдвэрт өөр дээр нь ирэх нь. Иймээс тодорхой хэмжээгээр зээлийн хэмжээг бууруулах эсвэл өр төлбөрийг яаж барагдуулах уу зэрэг арга хэмжээг Засгийн газар яаралтай авсан нь дээр гэж би хувьдаа үзэж байна. Олон улсад өрийг багасгаж, худалдаалах хэлэлцээр гэж бий. Энэ мэт аргыг ашиглаж “Стандарт” банкинд төлөх төлбөрийг төлсөн нь дээр. Учир нь өдөр өдрөөр зээлийн хүү өсч ард түмний хүртэх ёстой татварын мөнгөнөөс өр төлөгдөхөд хүрнэ. Тийм учраас Засгийн газар, “Төрийн өмчийн хороо”, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд маш хариуцлагатай, хурдан шуурхай ажиллах шаардлагатай байна” гэлээ.

 

‘Оюутолгой” компанитай байгуулсан гэрээ маргаан дагуулж тус гэрээг байгуулахад оролцсон холбогдох албан тушаалнуудыг хууль шүүхийн байгууллагаас шалган улмаар цагдан хориод багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс тус гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэх боломжийг эрэлхийлэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах ажлын хэсэг УИХ-ын  есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, дотроо таван дэд ажлын хэсэгт хуваагдан шалгалтыг явуулж буй. Тухайлбал, Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв санхүүгийн, дэд бүтцийн, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын, хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцох, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны гэсэн Дэд ажлын хэсэгт салбар яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, судлаачид, эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн хараат бус экспертүүдийг оролцуулжээ.

Өнгөрөгч тавдугаар сарын 16-нд ажлын хэсэг өргөтгөсөн хурал хийж таван Дэд ажлын хэсгийн шалгалтын явцтай урьдчилсан байдлаар танилцсанаас гадна ажлын хэсгийн ахлагч дэд ажлын хэсгүүдэд тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Тэгвэл тус шалгалтын явц өнөөдөр ямар байгаа талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тодрууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд УИХ-ын чуулган бусад асуудлын хажуугаар дэд ажлын хэсгүүддээ үүрэг чиглэл өгч, шахаж шаардахаас гадна өөрийн биеэр газар дээр нь очиж ажиллаж байгаа. Ажлын хэсгүүд ч боломжийн хэрээр, чадлаараа ажиллаж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга нар дэд ажлын хэсгүүдийг ахалж байгаа. Дэд ажлын хэсгийн гишүүд Оюутолгойн уурхайд очиж ажиллацгаасан. Ирэх лхагва гаригт ажлын хэсгийн өргөтгөсөн хурлыг хийхээр дэд ажлын хэсгүүдэд тус бүр чиглэлийнхээ дагуу шалгалтын явцаа эцсийн байдлаар танилцуулах чиглэлийг өгсөн байгаа. Дэд ажлын хэсгүүд сайн ажиллаж байгаа. Гэхдээ холбогдох газруудаас нь зарим баримт, материалыг шаардахад багагүй хугацаа гарч байгаа учраас хүлээгдэх тал бий. Мөн ирсэн тоо баримтуудад анализ хийх шаардлагатай учир одоогоор баримт материал дээрээ ажиллаж эхэлсэн. Энэ сарын 23-ны дотор шалгалтын дүгнэлтээ гаргана” гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж