Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.06.07 / Төрийн ордонд Урлаг, соёлын олны танил одуудтай уулзаж, салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцлаа.
Ерөнхий сайдтай уулзсан урлаг соёлынхон салбарынхаа зовлон, жаргалыг Ерөнхий сайдтай хуваалцсан юм. Тэд нэн түрүүнд Соёлын яамтай болох асуудлыг хөндөв. Мэдээллийн технологийн хөгжлөөс үүдэн хүмүүс зурагт үзэх, ном унших нь багассан. Бүх хүн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авч байна. Тиймээс мэдээллийн технологийн асуудлаар бодлого боловсруулахад Засгийн газар анхаарах ёстойг ч Ерөнхий сайдад зөвлөв.
Тэд Эх хэлний тухай хуулийг боловсруулахдаа эрдэмтэн судлаачдын саналыг тусгах, дунд сургуулиудад монгол бичгийн хичээл оруулахад онцгой анхаарахыг дуулгаад хүүхдэд гадаад хэл сургахдаа монгол хэлээ 100 хувь сурсны дараа буюу 12-13 настайгаас нь эхлэн заамаар байна гэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр өнөөдөр соёл урлагийнхаа бодлого руу хөрөнгө хаях шаардлагатай байна. Бид 30-40 тэрбум хөрөнгийн тухай ярьж байж монгол хүн монгол хүнээрээ үлдэх, монгол хэлтэйгээ үлдэх, монгол соёл иргэншил, соёлынхоо бодлоготой үлдэх юм. Хойч үедээ боть ном, түүх, архив бүтээж үлдээхийн тулд зайлшгүй хөрөнгө хэрэгтэй. Өнгөрсөн шилжилтийн он жилүүдэд соёлын бодлогоо хавсарга байдлаар авч явдаг, амсуулсан төдий мөнгө өгдөг эсвэл гаднынхнаас тусламж хүсэх байдлаар явж ирсэн, үүнийгээ өөрчлөх хэрэгтэй ‘ байгааг онцоллоо.
Нэрт сэтгүүлч, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар: Хятад улс хөгжимчдийнхөө дунд хийл хөгжмийн уралдаан зохион байгуулж, шалгарсан таван хүнийг сонгон авч бүх зардлыг нь улсаас гарган дэлхийн том хотод сургасан байдаг. Тэдэнд нэг л үг хэлсэн. “Хятад улсын хөгжимчин гэдгээ битгий мартаарай” гэж хэлээд явуулсан байдаг. Таван жилийн дараа тэдний нэг нь Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн түүх бий. Тэд тамирчдаа хүртэл бодлогоор дэмждэгтэй адил Монголын төр соёл урлагийн боловсон хүчнээ бэлдэх цаг нь ирсэн. Дөнгөж их сургуулиа төгссөн авьяастай 10 хүүхдийг гадагш нь явуулж сургаад ирвэл мундаг боловсон хүчинтэй болж чадна. Ю.Цэдэнбалын үеийн бэлтгэсэн боловсон хүчний бодлого дууслаа. 21- р зууны соёл урлагаа авч үлдэхийн тулд хүн төрөлхтний хэмжээнд сэтгэдэг бэлтгэдэг боловсон хүчинтэй байх хэрэгтэй. Ерөнхий сайд тэдэн мөнгийг нь өгөөд явуулчих хэрэгтэй. Таван жил сонгууль гээд бужигнаж байхад л хүрээд ирнэ шүү дээ. Өнөөдөр шиг хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд хэрэггүй.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Монголын төрд залгамж байдаггүй учраас өнөөдөр ярьж буй асуудлууд хэрэгжихгүй болох вий гэхээс би зовниж байна. Номын дэлгүүр, кино театруудыг НӨАТ-аас чөлөөлж өгөөч ээ. Томоохон номын дэлгүүрийн бестселлерүүд номыг нь ажиглавал 2-3 хүн л байхгүй бол манай уран зохиолын салбар орчуулгын уран зохиолд эзлэгдэхэд шууд бэлэн байгаа. Би номынхоо орлогоос үнэн шударгаар НӨАТ улсдаа төлдөг. Зургаан сая төгрөгийн НӨАТ төлж байсан ч удаа бий. Номын дэлгүүр, кино театр хоёрыг НӨАТ-аас чөлөөлбөл улсын төсөвт шумуулын хэмжээний ч жин дарахгүй. Номын зах зээлд маш бага мөнгө эргэлддэг.
Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найргийн ‘Болор цом’-ын эзэн яруу найрагч Т.Галсан: 27 жил тушсан хорт хавдрыг Засгийн тэргүүн, Гэгээрлийн сайд хоёр зөв оношилжээ.Соёл урлагаа өөд татахын тулд мэргэжлийн хүмүүсээс нь санал бодлыг нь сонсож байгаад талархууштай. Аялал жуулчлалыг татаж дэргэдээ зургаа татуулдаг ганц зүйл бол хөшөө дурсгал байгаа юм. Гэтэл сүүлийн үед намын дарга хоёр жил болсон хүний хөшөөг барих боллоо. Түүнийг нь жуулчдын хөтөч юу гэж тайлбарлахаа мэдэхгүй хэцүү байдаг гэсэн. Намын дарга байж байгаад ордон дотор нас барчихсан юм гэж тэд тайлбарлалтай нь биш. Манай баатрын хөшөө гэж хэлсэн гэдэг. Марко Поло, Зөвлөлтийн дайчдын гэрэлт хөшөө байхад болж байна шүү дээ. Монголын төлөө өөрийгөө өгсөн хүмүүсээс бид хөшөөгөө харамлах учиргүй. Хэнд ямар хөшөө барих уу гэдэг нь бас бодууштай. Хоёрдугаарт глобал гэдгийг даяаршил гээд буруу орчуулчихсан юм уу даа. Уг зүй нь бол золбинтол зожигрол гэж орчуулмаар байгаа юм л даа. Дэлхийн олон улс золбиншлыг үзэн ядаж байна. Үүний гайгаар бага улс үндэстнүүд өөрийн хэл, соёл бүх зүйлээ алдахад хүрснээ гашуунаар дурсаж байна. Монголд жангар байхгүй, гэсэр байхгүй гэнэ. Монголын нууц товчоо хятад үсгээр байгаа учраас Монголынх байх нь эргэлзээтэй гэнэ. Оюун ухааны үг нь хаана байна улс нь тэнд байна гэж агуу сургааль бий.
Түүнчлэн нийслэлд сүүлийн 40 жил нэг ч том театр, музей, нийтийн номын сан бариагүй аж. Монголын бүх музейн ганц зовлон нь борооны улиралд дээврээс нь ус гоождог. Хоёр өдөр дараалан бороо орвол Улсын төв музей доороосоо ус нь хөөрч өвдөг татсан устай болчихдог тул Ерөнхий сайдыг анхааралдаа авахыг сануулсан юм.