Зуны аагим халуун өдрүүдэд амны цангаа тайлахын хажуугаар, амин дэмээр баялаг, эрүүл мэндэд тустай, тэр тусмаа дэглэм барьж буй хүмүүс хялбархан бэлтгээд уух боломжтой олон төрлийн шүүсийг гэрийн нөхцөлд хийх жорыг хүргэж байна.
Интоорын шүүс
Интоороо яснаас нь салгаж аваад холигчид хийж нухаш болтол нь холино. Дараа нь жимсний нухаш дээрээ хүсвэл нунтаг элсэн чихэр, гааны навч зэргийг нэмнэ. Шилэн аяганыхаа хагас хүртэл мөс, хийжүүлсэн ус хийж дээрээс нь бэлтгэсэн холимогоо хийнэ. Ингээд зүссэн нимбэгээ тавиад интоорын шүүс бэлэн боллоо. Чимэг болгоод лайм зүсээд тавьж болно. Интоорын оронд хүссэн жимсээ ашиглаж энэ маягаар орлуулж болно.
Жүрж, нимбэгтэй гааны навчтай амтат ундаа
Усандаа элсэн чихрээ хольж 5 минут орчим буцалгана. Дараа нь сироп, гааны навчаа хийн хөргөнө. Жүрж болон нимбэгээ шахаж шүүсийг нь гаргаж авсны дараа өмнө нь бэлтгэсэн шүүстэйгээ холино. Уух үедээ бага зэрэг мөс хийж, нимбэг зүсэж тавьбал илүү тохиромжтой.
Тоорын шүүс
Тоороо хальсалж, дунд зэрэг хэрчээд аяганд хийнэ. Лайм болон нимбэгээ шахаж шүүс гаргаж авсны дараа элсэн чихэр нэмнэ. Үүнийгээ хальсалсан тоортойгоо хамт холигчид хийж нутаглана. Эцэст нь хүйтэн ус, мөстэй холиод тоорын шүүс бэлэн болно.
Бөөрөлзгөнө, нимбэгний ундаа
200 мл усыг сироптой хольж буцалгасны дараа хөргөнө. Дараа нь бөөрөлзгөнөө хийж хутгана. Нимбэгнээс гаргаж авсан шүүс, бөөрөлзгөнөтэй сироп, 600 мл ус, нимбэгний ликёроо холиод том шилэн саванд хийнэ. Үүн дээрээ зүссэн нимбэг, бөөрөлзгөнөө тавьж, мөс, гаатай хольж ууна.
Нимбэгтэй шүүс
Нимбэг болон жүржээ хальсалж, шүүсийг нь гаргаж авсны дараа цайны гурван халбага элсэн чихэр, 700 мл буцалсан ус хийж хутгаад 4-5 цагийн турш хөргөгчинд хадгалсны дараа уухад бэлэн болно. Хүсвэл элсэн чихэр, нүүрсхүчлээр баяжуулсан ус нэмж хийж болно.