Өнгөрсөн жил дүүргийн Засаг дарга Б.Батзориг тус хороонд ажиллаж иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсох үеэр хөгшид салхилж суух талбай байхгүй хүүхдүүд тоглож наадах газар байхгүй тухайгаа дүүргийн даргадаа дуулгаж байсан юм. Засаг дарга Б.Батзориг ирэх онд тоглоомын талбай байгуулж өгөхөө амлаж байсан бөгөөд түүний амлалт өнөөдөр биелэлээ олж нийслэлд үлгэр жишээ тохижилттой амралт чөлөөт цагийн талбай нэгээр нэмэгдлээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Иргэдийн хүсэн хүлээж байсан цогцолбор ашиглалтанд орж байгаад хорооны иргэд баярлаж талархсанаа дүүргийн Засаг даргадаа илэрхийлж байлаа. Хүүхэд багачуудын хөлд дарагдсан цогцолбор эргэн тойронд халуун дулаан орчныг бий болгож ийм л газар дутагдаж байсан нь ажиглагдаж байлаа.
Тоглоомын талбайн нээлт болов
Баянзүрх дүүрэг энэ оныг “Хөрөнгө оруулалт нийгмийн үйлчилгээний жил” болгон зарлаж, нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгээд байна. Нийслэлд тохижилт бүтээн байгуулалтаараа тэргүүлж, тохижилттой жишиг дүүрэг болоод байгаа Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Бөхийн өргөө”-ний урд талын дөрөвдүгээр байрны дэргэдэх хүүхэд багачууд, хөгшид буурлуудад зориулсан амралт чөлөөт цагийн талбайн нээлтийн ажиллагаа өнөөдөр болж байна. Талбайн ажлыг долдугаар сарын 8-нд эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Баян Тосон” ХХК ажиллажээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 246 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа Усан оргилуур бүхий амралт чөлөөт цагийн талбайд хүүхдийн тоглоомын талбай, хөгжөөнт тоглоом, усан оргилуур, сагсан бөмбөгийн талбай, сүүдрэвч, гэрэлтүүлгийг хийж өгсөн нь загвар шийдлийн хувьд онцгой юм.