Солонгосын хойгийн энх тайван, нэгдлийн асуудал олон улсын анхаарлын төвд байсаар ирсэн. Пёнчанд өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд болон Хойд Солонгосын тамирчид нэг далбаан дор жагсан өвлийн Олимпт оролцсоны дээр хоёр улсын төрийн тэргүүн нар тавдугаар сард хилийн зааг дээр гар барин уулзаж, хэлэлцээ хийсэн. Ийнхүү хоёр орны харилцаа зөөлөрч, хамтын ажиллагаа өргөжин, нэгдлийн төлөө олон арга хэмжээг засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудын хооронд зохион байгуулж байна. Үүний нэг нь ирэх 2019 оны гуравдугаар сарын 1-нд Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдөх Солонгосын хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ аж.
Энэ тухай Улаанбаатар хотноо болсон “Хурцадмал байдлыг намжаан, итгэлцлийг бэхжүүлэх замаар Солонгосын нэгдлийг хангах нь” олон улсын бага хурлын үеэр танилцууллаа. Энэ үйл явдалд хоёр Солонгос чухал ач холбогдол өгч, бүс нутгийн хэмжээнд хэд хэдэн арга хэмжээ төлөвлөн, Монгол Улсаас эхлүүлэхээр төлөвлөжээ. Монгол Улс нь Пхеньянтай найрсаг харилцаатай, Өмнөд Солонгостой түншлэлийн харилцаатайн дээр түүхээ марталгүй, түүхэн ой тус бүрийг тэмдэглэн өнгөрүүлдэг туршлага дээр үндэслэн уг арга хэмжээг эхлүүлж буй аж. Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөний арга хэмжээг Монголоос гадна Япон, Хятад, Европ, АНУ, Африкт хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэх Солонгосын нэгдлийг дэмжих иргэний нийгмийн байгууллагуудын хуралд Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Япон, ОХУ, Монгол зэрэг 80 гаруй төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцож байна.
Солонгос улс 500 жилийн түүхтэй. Гэвч 1910 оноос эхлэн Японы эзэрхийлэлд орж, 30 гаруй жил колоничлолын дор байсан. Харин 1919 онд Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөн анх өрнөж, эрх чөлөөний төлөө тэмцэл эхэлжээ. Тухайн үед тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ази тив даяар өрнөсөн ба Монгол Улсад 1910 онд эхэлжээ. “Энэхүү тусгаар тогтнолын хөдөлгөөн 100 жилийн өмнө эхэлсэн боловч хоёр Солонгос нэгдсэн цагт бүрэн гүйцэт үр дүнд хүрсэнд тооцно” гэж Солонгосын нэгдлийн форумыг зохицуулагч Л.Баасанжав олон улсын бага хуралд хэлсэн юм. Хэдийгээр Солонгосын хойг Японоос чөлөөлөгдсөн боловч 1950-1953 оны хооронд үзэл бодлын зөрчил, их гүрнүүдийн ашиг сонирхлоос болж нэг үндэстэн хоёр хуваагдсан юм. Солонгосын хоёр хуваасан хариуцлагыг АНУ, ОХУ хүлээх ёстой. Гэвч хүйтэн дайнаас хойш нэгдэж чадаагүй хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
Б.ТУЯА