Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос тэмцээний албан ёсны сүлд дуу “Live it Up”-ийг дуучин Ники Жем, жүжигчин Уилл Смит, Албанийн дуучин Эра Истрефи нарын дуулснаар цахим ертөнцөд цацсан билээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос дуугаа сонсохыг уриалснаас гадна үгийг нь сурахыг хүссэн байна. Гэвч энэ нь дууг сонссон хүмүүст таалагдсангүй. Үүний улмаас тэд цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлж эхэлсэн байна. Тухайлбал, тэдний ихэнх нь өмнөх ДАШТ-ий үеэр дуучин Шакирагийн “Waka Waka” дуу хит болж байсныг сануулжээ. Твиттерт Nancymadrisco гэсэн хаягтай хэрэглэгч “Уучлаарай, ДАШТ-ий албан ёсны дуу аймшигтай байна. Би сэтгэл дундуур байна” гэж жиргэжээ. Өөр нэг хэрэглэгч энэ дуунд хөлбөмбөгийг санагдуулах юу ч алга. Энэ дууны аянд Месси яаж бүжиглэх юм бэ гэсэн байна. Зарим нэг нь дуучин Шакирагаар ДАШТ-ий дууг дуулуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ