"Эрдэнэт" үйлдвэрийн захирлуудыг нисдэг тэргээр зөөсөн гэв

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлуудыг нисдэг тэргээр зөөсөн гэв

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлуудыг нисдэг тэргээр зөөсөн гэв

‘Эрдэнэт’ үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч ‘Монголын зэс’ корпорацийн удирдлагууд өнөөдөр /2018.06.07/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг өгөв. Тус албан бичигт ‘Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоон төрөөс томилогдсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга, гишүүд гэх хүмүүс энэ сарын 6-ны шөнө хуралдан бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргасан байна. Энэ хурал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрд шилжүүлсэн Засгийн газрын тогтоолыг захиргааны хэргийн хоёр ч шатны байгууллага түдгэлзүүлсэн байдаг. Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон байхад хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бусаас гадна шүүх засаглалын шийдвэрийг санаатай зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл’ гэдгийг дурджээ.

‘Монголын зэс’ корпорацийн ТУЗ-ийн гишүүн М. Мөнхбаатар:

-2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч ‘Эрдэнэт’ үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гарсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ‘Эрдэнэт’ үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг /ТУЗ/ 100 хувь төрөөс бүрдүүлж томилсон байгаа. Энэ шийдвэрийг манай компаниас эсэргүүцээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл томилсон асуудлыг гуравдугаар сарын 7-ны өдөр түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлнэ гэдэг чинь ТУЗ хуралдах асуудлыг бүрэн зогсоосон гэсэн үг юм. Улмаар дөрөвдүгээр сарын 30-нд Засгийн газрын тогтоол шийдвэр бүх зүйлийг шүүхээс түдгэлзүүлсэн. Энэ ажиллагаа давж заалдах шатны шүүх дээр явж байгаа.  Харин дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ‘Монголросцветмент’ компанийн ТУЗ-ийн хурлыг хууль бусаар хуралдуулж, хоёр дэд захирлыг шинээр томилсон. Худалдаа хангамжийн дарга, санхүү хариуцсан дарга нарыг томилсон байдаг. Засгийн газар удаа дараа хууль зөрчөөд байгаа учир манай компаниас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тавдугаар сарын эхээр гомдол гаргасан. Тус газраас тавдугаар сарын 23, 24-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон ‘Монголросцветмент’-ийн ТУЗ-д хандан хууль бус үйлдлээ зогсоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэж ажиллана уу гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч харамсалтай нь, өчигдөр /2018.06.06/ шөнө Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг Төрийн ордонд шөнө хуралдуулсан байна. Өчигдрийн хууль бус хурлаараа бүтцийн өөрчлөлт хийх үндсэн зорилготой. ‘Эрдэнэт’ үйлдвэрт ажиллаж байсан дэд захирлуудыг нисдэг тэргээр шөнө авчирсан байна. Төрийн ордонд хаалттай хүрээнд ТУЗ-ийн хурлыг хийж байгаа юм байна. Өнөөдөр энэ хурал үргэлжилж байгаа бөгөөд нэр бүхий хүмүүсийг дэд захирал, хангамжийн захирлаар томилж байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гомдлоо өгч байгаа юм. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар гомдлоо хүргүүлсэн байгаа. Мөн АТГ-т гомдлоо өгсөн. Энэ ТУЗ-д байгаа хүмүүс дандаа яам агентлагийн дарга нар байгаа юм. Ийм учраас өнөөдөр нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дахин гомдлоо хүргүүллээ’ гэлээ.

Н. ГАНБАТ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж