"Шүүх эмнэлгийн бүх эмч нар авлигачид юм уу"

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

"Шүүх эмнэлгийн бүх эмч нар авлигачид юм уу"

"Шүүх эмнэлгийн бүх эмч нар авлигачид юм уу"

‘Төрд гомдогсдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн  А.Эрдэнэбилэг Шүүх эмнэлгийн есөн шинжээч эмч өвчтөний дүгнэлтийг  буруу гаргасан талаар өнөөдөр /2018.06.07/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд шүүгдэгч Э.Эрдэнэ-Уулын авто ослын хэргийн тогтоол гарж 461 дүгээр хорих ангид нэг жил хорих ял оноосон. Уг нь шударга ёс үйлчилдэг байсан бол Э.Эрдэнэ-Уул 1-3  сарын баривчлах ял авах байсан юм’ гэв.

А.Эрдэнэбилэг нь хэргийн талаар ийн ярилаа. Тэрбээр ‘Э.Эрдэнэ-Уул нь 2017 оны  арванхоёрдугаар сарын  19-ний өдрийн 07.00 цагт  Баянзүрх  дүүргийн зургадугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны урд талын замд приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч А.Хуламерген, А.Жоямерген нарыг мөргөж гэмтээсэн. Тэрбээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу  ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн. Гэмтэл Согог судлалын үндэсний төвд А.Жоямерген эмчилгээ хийлгээгүй. Учир нь зүгээр байна гээд яваад өгсөн юм.

Харин А.Хуламерген нь зургаан хоног эмчлэгдээд  гарсан байдаг. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Ундармаа очиж үзлэг хийхдээ А.Хуламерген хөл гарыг нь ч үзэлгүй, толгой нүүр хэсгийг нь  гурван минутын дотор үзчихээд  явсан. Үүний дараа  шүүх эмнэлгийн дүгнэлт   тархины дунд  зэргийн няцрал, нүүрний ясны хугарал гэж гарсан байдаг.  Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад А.Эрдэнэбилэгийн талаас гомдол гаргасан. Гомдол гаргахад шинжээч эмч нар болох  С.Одончимэг, Ц.Нандинцэцэг, О.Болороо  нар  Б.Ундармаа эмчийн  дүгнэлт  хуулийн хүрээнд зөв хийгдсэн байна гэх дүгнэлт гаргасан.

Эдгээр есөн эмч нар  луйварчид

Энэ асуудлаар  дахиад гомдол гаргасан чинь Ө.Сарангэрэл, Б.Ганзориг, Б.Даваасүрэн, Н.Энхцолмон, Т.Номинцэцэг гэсэн таван эмч нар  дүгнэлт гаргасан. Өөрөөр  хэлбэл, есөн эмч дүгнэлт гаргасан гэсэн үг. Б.Ундармаа гэдэг эмч  өвчтөний түүхэнд огт байхгүй гэмтлийг санаасаа зохиогоод хүний даалгавраар гэдэг юм уу хүнээс мөнгө авсан  ч юм уу ямар  нэгэн байдлаар шүүх эмнэлгийн дүгнэлтийг буруу гаргасан.

Хамгийн харамсалтай нь, худлаа дүгнэлтийг  найман эмч үнэн гэж дүгнэлт гаргасан. Би энэ бүгдийг харахдаа энэ бүхний цаана авлига байна гэж хардаж байна. Өнөөдөр шинжээч эмч нараас хэн нэгэн эмчийг таньдаг бол тэр эмчид 500 мянган төгрөг өгөөд ямар ч тохиолдолд хүссэн дүгнэлтээ гаргуулчих боломжтой юм байна. Шүүх эмнэлэгт  30 гаруй шинжээч эмч байдаг. Өнөөдрийн байдлаар худлаа дүгнэлт гаргасан есөн шинжээч эмч нар  байна. Би эдгээр есөн эмч нарыг  энэ долоо хоногт багтаагаад Цагдаагийн байгууллагад хандана. Эдгээр есөн эмч нар  луйварчид.

Тархины няцрал нь хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван  хэлбэртэй. Аль ч тохиолдолд хамгийн түрүүнд ухаан алддаг. Тархины няцралтын хөнгөн хэлбэр нь цус харвалт. Хүндэвтэр хэлбэр нь комын байдалд ордог.  Гэтэл дунд зэргийн тархины бяцралтай гэх А.Хуламерген нь ерөөсөө ухаан алдаагүй. Эмнэлэгт зургаа хоноод гараад явчихсан. Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүст  ямар  ч  ил шарх байхгүй байсан гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр тархины няцрал гэдгийг мэдэхгүй эмч нар шүүх эмнэлэгт ажилладаг юм уу? Эсвэл шүүх эмнэлгийн бүх эмч нар авлигачид юм уу гэдгийг асуумаар байна’ гэв.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж