Нийгмийн соёлын удирдлагын онцлог

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Нийгмийн соёлын удирдлагын онцлог

Нийгмийн соёлын үйл ажиллагааны систем дэх удирдлагын соёлын онцлог

Судлаачдын ихэнх нь нийгмийн удирдлагыг нийгмийн соёлын үйл ажиллагааг цогцоор нь авч үзэн түүнтэй холбогдон үүсэх асуудлуудлыг боловсруулах, шийдэхэд анхаарлаа хандуулсан байдаг. Жишээ нь В.С.Днев нь  “Удирдлага нь ямар нэг субъектээр дамжин тухайн зорилгод хүрэх удирдлагын объектэд чиглэсэн үйл ажиллагаа юм”гэж тодорхойлсон байна.

Орчин үеийн олон судлагдахуунуудын дунд удирдлагын соёлын тухай асуудал нэлээд чухлаар тавигддаг ба энэ нь дараах нөхцөл байдлуудтай нягт холбоотой байдаг байна.

Ажилтны нийгэм сэтгэлзүйн хөгжил. Үүнд: мэргэжлийн хөдөлмөрийн сэдэл; хүмүүсийн нийгэм сэтгэлзүйн тодорхойлолт дээр тулгуурлан хөдөлмөрч хамт олныг төлөвшүүлэх, нийгмийн зохицуулалт, урамшуулал, албан хаагчдын нийгэм, соёл, ахуйн сонирхол, эрэлт хэрэгцээ, гачигдлыг хангах, хамт олны дунд нийгэм, сэтгэлзүйн дулаан уур амьсгал бүрдүүлэх нөхцлийг дэмжих гэх мэт. Эдгээр аргуудын бүтээлчээр хэрэглэх нөхцлийг анхааралтай судалснаар зарим нэг ашигтайг нь сонгон тухайн ажилтанг сонгох шалгаруулах удирдлагын шалгуур үзүүлэлт болгодог билээ.

Удирдлагын сэтгэл судлал нь нийгмийн сэтгэл судлалаас ялгагдах онцлог шинж нь  зөвхөн хамт олон, нийгмийн бүлэг дундах хүмүүсийн харилцаа биш харин тухайн байгууллага дахь хүмүүс хоорондын харилцаа бүхэлдээ юм. Өөрөөр хэлбэл ямарч нөхцөлд тухайн байгууллагын ажилтны хүлээсэн үүрэг нь бүх ажилчдад нийтэд нь хамаардаг учир тэд бие биенийхээ өмнө, даргынхаа өмнө бүр цаашилбал хуулийн өмнө хариуцлага  хүлээдгээрээ нэлээд онцлог юм.

Удирдлагын соёлын талаар ярихын өмнө түүнийг бүрдүүлэгч хэсэг болох ёсзүйн ойлголтын тухай заавал ярих хэрэгтэй болдог. Учир нь энэ нь хэм хэмжээний үнэлгээний зорилтуудыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү судлагдахууны талаар дотоод болон гадаадын шинжлэх ухаанд тодорхой боловсруулсан ойлголтууд байдаг.

Ёсзүй нь нийгмийн бусад үзэгдэл шиг нэгээс олон нийт рүү хандсан зарчмаар явагдаж өөрийн гэсэн онцлог талуудтай байдаг.   
 
Бидний энэ авч үзэх гэж байгаа ойлголттой ижил хэмжээнд үзэх нэг ойлголт бол “Этика” буюу ёс суртахуун, уламжлал, зан чанар гэсэн утгатай грек үг юм. Уг нэр томьёог анхлан Аристотель гаргаж ирсэн бөгөөд эндээс ёс суртахууны бусад ойлголтууд дараалан үүсчээ. Сайн-муу, шударга-шударга бус, хариуцлагатай-хариуцлагагүй зэрэг бүхий эсрэг тэсрэг шинжүүд ёс суртахууны харилцааны гол илрэлүүд болж өгдөг.        

Ёс суртахууны зарчим, хэм хэмжээ, үнэлэмж нь үйл ажиллагааны янз бүрийн хүрээ тэр дундаа нийгмийн удирдлагад хүмүүсийн үйл ажиллагаа болон зан араншин, нийгмийн харилцааг зохицуулах гол зохицуулагч болдог. Ийм учраас мэргэжилтэн нь ёс суртахууны хувьд найдвартай хамгаалагдсан, ёс суртахууны гэх бүхий л сайхан чанаруудыг өөртөө шингээсэн, өөрийгөө үнэнчээр илэрхийлэх чадвартай нэгэн байх ёстой.

Орчин үеийн менежментийн онол, практикт “Ажил хэргийн ёс суртахуун” гэсэн ойлголт нэлээд газар аваад байгаа. энэ ойлголт нь ажилтан, ажлыг удирдагч хоёрыг хооронд холбож өгдөг чухал хэрэглүүрийн нэг бөгөөд энэ утгаараа ёс суртахууны бүхий л зарчмуудыг зохистой төлөвшүүлэх нэгээхэн гол үндэс болж өгдөг.

Дээрх ойлголт нь нийгмийн амьдралын дараах хэсгүүдэд, хүрээлэн буй орчинд, хүмүүнлэг,шашны байгууллага, улс төр, хүний эрхийг хамгаалах болон хууль сахиулах байгууллагад зайлшгүй хэрэгтэй учраас энэ талын асуудлыг судалдаг  мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж чадсан байна. Хүмүүсийн харилцаа нь хэдэн мянган жилийн туршид боловсруулагдан хөгжиж ирсэн тодорхой дүрэм журмыг сахихад үндэслэгдэн байдгаас эдгээр дүрэм журмаас хамгийн энгийн нь ахуй болон хөдөлмөрийн явцад хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулж байдаг найрсаг зан юм. Бүр дундад зууны үеэс үүнийг “Этикет” гэж нэрлээд хэвшчихсэн байна.

“Этикет” – гэдэг нь хүмүүсийн харилцааны гадаад илрэлүүдийг зохицуулдаг зан чанарын цогц юм. Үүнд хүрээлэн буй орчинтой харьцах, хандах, мэндчилэх хэлбэрүүд нь олон нийтийн газар бие зөв авч явах зэрэг бүхий л ёс суртахууны шинжүүд хамаарна. Энэ төрлийн ойлголтууудыг янз бүрийн зохиол бүтээлээс олж харж болно. “Этикет”-нь хүний үйл ажиллагааны нөхцлүүдээр дамжин өөрийн тодорхой хөгжлийн үе шатандаа нийгмийн үе, давхаргын нийгмийн харилцааны тогтсон түвшин, зан авиртай нөхцөлдсөн түүхэн үзэгдэл юм. “Этикет” – ийг нийт иргэний, дипломат ёсны, албаны буюу ажил хэргийн, мэргэжлийн, гэр-ахуйн гэх мэтчилэн ангилж болно. Хүмүүсээр үйлдэгдэж байгаа үйлдэл нь нийгмийн янз бүрийн харилцаа шиг олон янз байдаг. “Этикет”-ийн гол онцлог нь түүний нийгмийн үйл ажиллагааны янз бүрийн хүрээнд хүмүүсийн зан авирын таагүй, ойлгомжгүй  байдлыг арилгах, хөнгөвчлөх ёс суртахууны цэцэн ухаанд оршдог.
Мэргэжлийн этикетэд харилцааны олон хэлбэр, гадаад төрх, хэл яриа, дохио зангаа, нийгмийн дүрд тохирсон хувцас хэрэглэл зэрэг чухал байр эзэлдэг.            

Албаны буюу ажил хэргийн этикет нь дээр дурьдсан зарчмууд дээр тулгуурлан хөгждөг бөгөөд хөдөлмөрийн онцлогтой холбогдсон зарим нэг онцлогууд байдаг. Жишээ нь: Удирдагч хүн гэхэд л албаны буюу ажил хэргийн бүхий л ёс суртахууны зарчмуудыг өөртөө яг л дүрэм шиг бүрэн суулгасан байх ёстой. Үүнд: мэндлэх, өөрийгөө илэрхийлэх, хандах, ажил хэргийн яриа өрнүүлэх, хэлэлцээр хийх, утсаар яриа өрнүүлэх, захидал, санамж бичиг бичих зэрэг олон чухал шинжүүд хамаардаг. Мөн гадаад төрх, хэл яриа зэрэг нь онцгой байр суурь эзэлдэг.  

Орчин үеийн ажил хэрэгч харилцааны гол этикетийг зохиогчдын тоонд Поляков, Карпинский, Баев зэрэг эрдэмтэд зүй ёсоор багтдаг. Мэргэжил бүхэн өөр өөрөөсөө ялгарах нийтлэг болон онцлог шинжүүдтэй. Удирдагч нь энгийн нэг ажилтанг бодоход маш их үүрэг хариуцлага үүрч албан тушаалын ихээхэн эрх мэдэлтэй байдгаараа эрс ялгардаг. Ийм ч учраас түүний этикетийн хэм хэмжээ тэр чинээгээр өргөн цар хүрээтэй байдаг.

Удирдагчийн ажил хэргийн этикетийг хамгийн ерөнхий утгаар нь удирдлагын ёсзүйн хэм хэмжээний гадаад илрэл гэж тодорхойлдог. Энэ илрэл нь нийтийн болоод нийгмийн агуулгатай байж болох ба удирдлагын үйл ажиллагааны тодорхой нөхцөл болон төрлүүдэд илрэлийн янз бүрийн өнгө аястай байж болно.
Дээр дурьдсан тодорхойлолтоос гадна орчин үеийн удирдагчийн ажил хэргийн этикет нь түүний мэргэжлийн онцлогыг харуулсан удирдлагын соёлын гадаад илрэлүүдийг өөртөө шингээсэн байдаг. Ажил хэргийн зан чанарын зарчмууд болон удирдлагын хэв маяг энэ ангилалд хамаардаг. Удирдагчийн этикетийн үндсэн тодорхойлолтуудад дараах үзүүлэлтийг гол болгодог. Үүнд:

  • Энэрэнгүй ёс нь удирдлагын үйл ажиллагааны ерөнхий чиглэл
  • Хүмүүст  хүндэтгэлтэй, хайрласан өнгө аясаар хандах
  • Тодорхой хэм хэмжээний актуудад заасны дагуу захиргаа-эрх зүй хариуцлагыг өндөр хэмжээнд сахиж мөрдөх зэрэг нь удирдагчийн ажил хэргийн ёсзүйн тусгай хэлбэр нь харилцааны явцад тодорхой дадал-чадвар суугдан, мэргэжлийн орчинд хэрэгжүүлж ашиглаж буй мэдлэг юм. Энэ мэргэжил мэргэжлээсээ хамаараад өөр өөрийн  ёсзүйн хэлбэрүүдтэй байж болно.  

Субкультура.

Субсоёл гэдэг нь мэргэжлийн онцлогоосоо хамааран тодорхой хэмжээний ертөнцийг үзэх үзэлтэй болсон бүлэг хүмүүс болон хамт олны хоорондын харилцаа юм. Субкультура нь нийгмийн соёлд эерэг ба сөрөг хандлага үзүүлдэг. Учир нь  энэ соёл хүмүүсийн амьдралын үйл ажиллагааны бүхий л хүрээнд тэр дундаа удирдлагын хүрээнд өөрийн гэсэн байраа олсон байдаг.. Удирдлагын соёлын нэгдсэн субкультурт хэлбэрийн ба хэлбэрийн бус бүлгүүдийн соёлыг ойлгож болно.

Удирдлагын соёл нь нийгмийн холбоо, социум болон түүний үнэт зүйлсээс ангид төлөвшин хөгжинө гэж байдаггүй. Учир нь эдгээр нийгмийн шинж чанарууд мэргэжлийн харилцааг бүрэн хэмжээгээр нээж өгдөг. Удирдлага нь удирдлагын субъект, объектийн соёлын түвшин хоорондоо зохицож байх үед үр ашигтай болдог.

Удирдлагын соёл нь бүтэц, агуулга, нийгмийн мэргэжлийн боловсролын түвшингөөрөө маш нарийн бөгөөд үүний гол илрэл нь – ерөнхий соёлыг эзэмших, ололт, амжилтанд хүрэх, мэргэжлийн харьцааны урлагыг эзэмших, мэргэжлийн дадлыг бүрэн хэмжээгээр бүтээлчээр хэрэгжүүлэх, бичиг үсгийн өндөр соёлтой байх, зорилгодоо хүрэх арга хэрэглүүрээ бүтээлчээр ашигтай байх хэлбэрээр сонгох ашиглах, өөрийн ажилдаа товч тодорхой байх, хөдөлмөрийнхөө үр шимийг урьдчилан хардаг байх, өөрийн олж авсан мэдлэг, чадвар дадлаа улам хөгжүүлэх бусдад өвлүүлэх чадвартай байх зэрэг юм.     

Удирдлагын соёл нь удирдагчид өөрөө хүрээд ирдэггүй харин хүмүүсийг дээрх нөхцөл, хүчин зүйлсүүдийн нөлөөн дор практикаар удирдан олж авсан мэдлэг чадварын үр дүнд, байнгын өөрийгөө хөгжүүлсний үр дүнд бага багаар төлөвшин хүрч ирдэг.

Эдгээрээс заримыг нь томьёолвол:

  • Амьдралын үйл ажиллагааны янз бүрийн салбаруудад өөрийн үйлдлээ хянан удирдлагаа сайтар төлөвлөх хүчин зүйлийг шаарддаг.
  • Янз бүрийн хүрээний үйл явцын эрчимжил, нэвтрэх түвшин нэмэгдсэнээр хүмүүст олон янзын саад бэрхшээлүүд гарч ирдэг. 
  • Удирдагч удирдах мэдээлэлээс хоцорсноор өөрийн үйл ажиллагаагаа тодорхой үр дүнтэй удирдан явуулах тал дээр оюун санааны хувьд гачигдалд орж эхэлдэг. 
  • Өнөө үед удирдлагын хүрээнд тэр дундаа төрийн удирдлагад удирдлагын соёлыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн боловсон хүчний тухай асуудал бүрэн шийдэгдээгүй асуудлын нэг болон үлдсэн хэвээр байна.

“Удирдлага” ба “Соёл” гэсэн нэр томьёонууд хангалттай тодорхойлогдсон бөгөөд энэ ч утгаараа янз бүрийн шинжлэх ухааны утгын нэгж болон хэрэглэгдсээр байна. Жишээ нь: философид, социологид, соёл судлалд, удирдлагын онолд. Харин удирдлагын соёлыг судлах тухай асуудал бидний хувьд гүнзгийрүүлэн судлах ёстой асуудлын нэг болоод байна. 

Удирдлагын соёлын тухай олон зохиол бүтээлүүдэд түүнийг детальчлан тодорхойлон бичсэн байдаг. Философийн толь бичгүүдэд удирдлагын соёлын талаархи тодорхойлолт нэг ч байхгүй бөгөөд түүнийг “нийгэм”, “нийгмийн харилцаа”, “үйл ажиллагаа”, “бие хүн” гэсэн түлхүүр ойлголтуудаар тайлбарлах гэж оролдсон байдаг.

“Удирдлагын соёл” гэсэн ойлголтыг тодорхойлохын тулд эхлээд удирдлагын субъектийн талаар ярих хэрэгтэй болдог.

Нэгдүгээр хэлбэр – бие даасан танин мэдэх хүчин чармайлтынхаа ачаар олж авсан мэдлэг. Энэ нь бие хүнийг бие хүн гэсэн утгаар нь оршин тогтнох, хөгжих эх үндэс болдог. Энэ тохиолдолд мэргэжлийн мэдлэг нь тухайн хүний хөдөлмөрийн идэвхтэй байдлын хэмжүүр болдог.

17-р зууны эхэн үед хэлсэн өнөөг хүртэл үнэн гэдэг нь батлагдсаар байгаа Ф.Бэконы “мэдлэг – хүч чадал” гэсэн хэллэг нь түүний эх орон нэгт Т.Гоббсоор улам тодорхой тодорхойлогдсоор, нэмэн засварлагдсаар “Мэдлэг бол зөвхөн хүч чадалд хүрэх зам юм. Учир нь мэдлэг үйл ажиллагааны явцад хүний олж авсан оюун санааны боловсролын хэлбэр бөгөөд түүнийгээ практикт зөв зохистой ашиглаж чадвал тэр нь хүч чадал болно” гэсэн тодорхой утгат агууламжтай болсон. Ер нь олж авсан мэдлэгээ ашигтайгаар ашиглаж чадаж байгаа хүн л “Мэргэжлийнх” болдог. Ийм хүний хувьд мэдлэг шимт орчин болох ба тэр үүнийгээ тасралтгүй баяжуулж, шинэчилж байдаг.

“Тасралтгүй боловсрол”-ын тухай орчин үзэл баримтлал нь мэргэжлийн үйл ажиллагааны оршин бүхий л цаг мөчид амьдралд нэн хэрэгтэй, идэвхтэй жинхэнэ мэргэжилтэнг бий болгоход үндсэндээ чиглэгдэж байна. Харин тухайн өдрийн шаардлагад нийцэх мэдлэг нь тухайн хүнд өөрийнхөө хүч чадлаас багахан хэсгийг практикаар ашиглах боломжийг  өгдөг.

Хоёрдугаар хэлбэр – мэдлэгтэй салшгүй холбоотой байдаг чадвар дадал бөгөөд энэ нь хүний авьяасыг практикт бүх талаар хөгжүүлж өгдөг. Мэргэжил нь удирдлагын соёлын хүрээнд тухайн хүнийг хүссэн үр дүндээ хүрэхэд зайлшгүй хэрэгтэй янз бүрийн арга хэрэглүүрийг олж чадвартай болгодог. Дадал чадвар нь мэргэжлийн хувьд тогтвортой байх гол өдөөгч болж өгдөг.   
 
Удирдагчийн дараагийн нэг чухал шинж бол мэргэжлийн ухамсар болон зан авирын шилдэг үлгэр жишээг өөрийн болгож өөртөө шингээх чадвар юм.Туршлага, мэдлэг, хэм хэмжээ, дүрэм журмыг дамжуулах нийгмийн механизм нь “Уламжлал” гэсэн ойлголтод хэлбэрждэг. Үүнд мөн бие хүний сэтгэцзүйн онцлог, нийгмээс захиалсан шинж чанарууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Амьдралын хэв маяг – нийгмийн соёлын нэг  болохынхоо хувьд хувь хүний амьдралын үйл ажиллагааны нийтлэг шинжүүдийн цогц байдлыг илүү тодорхой ойлгомжтойгоор тусгасан байдаг. Энэ тодорхойлолтуудаас харахад хувь хүний амьдралын хэв маяг тухайн хүний үйл ажиллагаа, хөдөлмөрлөх явцад дадсан ажил, олж авсан аргуудаас шууд хамаардаг гэдэг нь илэрхий байна.

Хүний тодорхой зорилгоор ухамсарлагдсан хүсэл зориг нь дараагийн нэг чухал шинж юм. Удирдлагын хүсэл зориг нь бүхий чадвар дадлыг зохицуулж ажил хэрэг явуулахад гарч болох гадна болон дотоод бүхий л саад бэрхшээлүүдийг даван туулж хүссэн үр дүндээ хүрэхэд шаардагдах мэргэн оюун ухаантай нягт холоотой байна.   
  
Үүнийг Харизм буюу бурхнаас заяасан бэлэг, бурхны хишиг нь боломж, бололцоо байдаг, түүнийг олж ашиглаж чадвал тэр нь таньд сайн сайхан зүйлийг үргэлж авчирна гэсэн итгэл үнэмшил төрөх бас чухал шинж чанаруудын нэг юм. Ийм тодорхойлолтыг соёл судлалын толь бичгүүдэд нэлээд дэлгэрэнгүй өгсөн байдаг. Харизмыг мэдлэг болон үнэт зүйлсийг захирагч хэмээн авч үзэж, ойлгож болно. Энэхүү  аргууд нь удирдагчийн практик үйл ажиллагаанд бүрэн хэмжээгээр илэрч түүнийг цаашид хүмүүсийг зохион байгуулалттай, эмх цэгцтэй удирдах гол баталгаа болж өгдөг. Энэхүү үзэл баримтлалыг анхлан английн социологич Зигмунд Бауман гаргаж ирсэн ба тэрээр “бидний энэ ертөнцөд мэргэжилтэн нь харизмын нөлөөн доор бүх зүйлсийг удирддаг” гэж тодорхойлсон байдаг. 

Дараагийн чухал шинжийн нэг бол энэрэнгүй байдал юм. Хүмүүст анхааралтай, зан авирт нь дасан зохицсон байдлаар хандах тэдний бие хүнийх нь үнэт зүйлсийг хүндлэх зэрэг нь нийгмийн харилцааны гол шалгуур болдог. Ер нь хүнд энэрэнгүй хандахгүйгээр удирдлагын соёлын тухай ярихын ч хэрэггүй. Энэрэнгүй бус хандвал нийгмийн удирдлагын бүхий л утга санаа алдагдана.

Дээр дурьдсан энэ бүх шинжүүд олон талтай. Энэ бүхнээс үндэслэн удирдлагын соёлын талаар “удирдлагын соёл гэж оюун ухаан ёсзүй, биеийн хүчний, сэтгэл хөдлөл-дур зорогийн төлөвшлийн түвшин, эдгээрийн цогц байдлын үндсэн дээр дээд зэргийн тогтворжил, үр ашиг бүхий нийгмийн удирдлагынхүрээнд мэргэжлийн зорилтуудыг шийдэх чадвартай боловсон хүчинг бэлдэх тэднийг хөгжүүлэх” гэсэн ойлголтыг олж авч болох юм. Энэ утгаараа удирдлагын соёл нь ерөнхий соёлын бүрэлдэхүүн хэсэг болдог.

Удирдлагын соёлын агуулгад дараах хэм хэмжээнүүдийг хавсруулан ойлгож болно. Үүнд:

  • Улсын хууль эрхзүйн актуудаар тогтоогдсон удирдлагын хөдөлмөрийн хууль зүйн хэм хэмжээ. 
  • Ёсзүйн хэм хэмжээ нь тодорхой хууль эрх зүйн актуудад тодорхой тусгагдаагүй боловч мэргэжилтний үйл ажиллагааг зөв тийш нь зохицуулах хүчтэй зохицуулагчийн нэг юм. Үүнд сайн сайхан, шударга ёс, хүний мөс, үүрэг хариуцлага, нэр төр гэх мэт маш олон чанарууд  багтсан байдаг.
  • Зохион байгуулалтын хэм хэмжээ нь байгууллагын дотоод үйл ажиллагааны үндсэн чиглэлийг удирдагчаар дамжуулан тодорхой төлөвлөж өгдөг. 
  • Эдийн засгийн хэм хэмжээ нь байгууллагын эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулдаг. 
  • Техникийн, гоозүйн эргономикийн гэсэн бусад хэм хэмжээнүүд байдаг. Эдгээр нь удирдлагын соёлыг тодорхой хэмжээнд төлөвшүүлж өгдөг. Эцсийн дүнд энд удирдах хөдөлмөрийн соёлын хүрээнд байгууллагын менежер түүний үүрэг, үйл ажиллагаа манлайлах үүрэгтэй гэдгийг дурьдах нь зүйтэй.  

Удирдлагын соёлыг нийгмийн үнэт зүйлсийн талстаар дамжуулан авч үзэж болно. Энэ тохиолдолд удирдлагын соёл мэргэжлийн чанартай болдог. Соёл гэдэг нь өөрчлөгдөөгүй үр дүн юм. Ийм ч учраас байнгын бэлэн байдал чадвартайн шинж гэж явган яриа ч дэмий гараагүй байх. Соёл нь үйл ажиллагаа, үйлдлийн шинж чанаруудын гол үзүүлэлт бол удирдлагын соёлын гол үзүүлэлт нь мэргэжлийн чадвартай менежер юм.

“Ёсзүй ба удирдлагын соёл” сургалтын гарын авлагыг зохиогчийн тэмдэглэн хэлснээр “Удирдлагын соёл гэдэг нь хүнийг мэргэжлийн болгон хувиргах, мэргэжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чадвартай болох зэргээр хүний сэтгэл санаанаас чөлөөтэй урган буй үйлдэл” болно. Үүнд оюун ухаан, сэтгэлзүй, ёсзүй, ёс суртахуун зэрэг бүхий л ойлголтууд давхар үүрэг гүйцэтгэнэ. Эдгээрийг өөртөө сайтар төлөвшүүлж чадвал төр засаг, улс оронг удирдах, нэр төрөө өсгөх зэрэг гайхалтай боломжуудад хүрч чадах юм.

Эндээс дээрх бүх шаардлагад хүрэхэд боловсрол хамгийн чухал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Ялангуяа  төрийн албан хаагчид мэргэжлийн тодорхой шалгуур үзүүлэлтүүд тавьсан байдаг. Хэрэв төрийн удирлагын хүндтэй албан тушаалд очих гэж байгаа бол түүнээс “Төрийн удирдлага”-ын талаар өндөр боловсролтой байх тухай шаарддаг. Хэрэв төрийн доод шатны албан тушаалд очих гэж байгаа бол “Төрийн удирдлага”-тай дүйцэхүйц хэмжээний боловсрол эзэмшсэн байхыг шаарддаг.         

Чухал шаардлагуудад: онолын мэдлэг дээрээ тулгуурлан мэдээллийн шинж чанараа хөгжүүлэх, оюун ухаанаа бүтээлчээр өргөжүүлэх, дүн шинжилгээ хийх чадвартай байх, холимог мэргэжлүүдийг бүрэн өөрийн болгосон байх, мэргэжлийн зорилтуудыг бие дааж бүтээлчээр шийдэж чаддаг байх, өөрийн баг, командтайгаа санаачлагатай, элдэв зөрчилгүй ажиллаж чаддаг байх зэрэг шаардлагууд зүй ёсоор багтдаг.

ОБИС-ийн судлаач Г.Батсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж