“Хятадууд Завхан аймгаас хүүхэд хулгайлжээ”… Хэд хоногийн өмнө цацагдсан энэхүү мэдээллийг олон хүн шейрлэснээс гадна доор нь үлдээсэн комментуудын дийлэнх нь “Өмхий хятадуудыг алаад өг”. Гэвч энэ нь худлаа мэдээлэл гэдэг нь тэр дорхноо баригдсан. Мэдээллийн мөрөөр асуудлыг шалгасан Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн жиргээ нь ‘DMNN Түмэнбаяраас сонссон, Түмэнбаяр Шархүүгээс сонссон, Шархүү Мөнхбатаас сонссон, Мөнхбат Болдоогоос сонссон, Болдоо хаанаас сонссоноо санахгүй байна”. Монголчуудын эх сурвалж нэг иймэрхүү. Нөгөө эх сурвалж нь хэн бэ гэхээр ‘би энэ талаар бичсэн таван посттой тааралдсан’ гэдэг шиг.
Ер нь монголчуудын дийлэнх нь сэтгэлгээний элэгдэлд орчихсон. Голчлон хэвлэлийн мэдээнд биш олон нийтийн сүлжээнд, бодит эх сурвалжид биш таксины жолоочийн ярианд итгэдэг. Зүй нь хужаа шаахайнаас тэмбүү тусдагт итгэх биш бэлгийн ариун цэврээ л сахьчих хэрэгтэй. Гэтэл олонх монголчууд Хятадаас импортолсон үсний боолтоос бөөстдөг гэдэгт илүү үнэмших нь үзэгдэл болоод удаж байна. Уг нь хувийн ариун цэврээ хангавал бөөстөхгүй шүү дээ.
Энэ мэт хоёр хөршөө хараасан, үзэн ядсан пост жиргээ нийгмийн сүлжээнээс хар мянгаараа олдоно. Итгэгсэд нь бөөн, бөөнөөрөө шейрлэх жишээтэй. Хятадыг хараах мөртлөө Эрээнийг хөгжүүлэхэд мөнгөө төлнө. Вьетнамыг үзэн ядах хэрнээ машинаа засуулах гээд мөнгөө бариад очно. Хажууханд нь монголчуудын засварын газар байсаар байхад шүү. Бид ийм л үндсэрхэг хүмүүс.
Санаатай, санамсаргүй, зорилготой, зорилгогүй ийм худал мэдээллийн ард хөршийн итгэлцэл, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал үргэлж дагалдаж байдаг. Харамсалтай нь, цуурхал тараасан эзэн нь олддоггүй, яг нөгөө DMNN Түмэнбаяраас сонссон, Түмэнбаяр Шархүүгээс сонссон, Шархүү Мөнхбатаас сонссон, Мөнхбат Болдоогоос сонссон, Болдоо хаанаас сонссоноо санахгүй байна гэдэг шиг. Олдоо хариуцлага тооцох нь цөөн. Энэ мэт цуурхал бүрт цаг тухайд нь хариуцлага тооцдог бол нийгэм ядаж цэвэрших юм даа.
Тамсагийн сав газарт газрын тос олборлох үйл ажиллагаа эрхэлдэг “Петро чайна дачин тамсаг” компанийн тогооч монгол хүний малыг хэсэг хугацаанд хариулж байсныг нь нэгэн сэтгүүлч гүйж очоод дэвэргэв. Хятадууд Монголоор дүүрлээ, монгол малчид хятадуудаар хонио хариулгаж байна гэж баахан сүржигнэв. Гэтэл нөгөө сүржин мэдээлэл нь даржин дуулиан байх жишээтэй. Монгол хүн Хятадад очоод мал маллаж болохгүй, хятадаар ч мал маллуулж болохгүй. Бидний эмгэнэлтэй логик энэ.
Гэтэл худлаа мэдээлэл нийгэмд асар их хохирол дагуулдаг. Хохирлыг нь мэдээж мөнгөөр хэмжиж аргагүй даанч их. ‘Датаком’-ын захирал Д.Энхбат бидний энэ хандлагын талаар ‘Хөршөө үзэн ядах нь эх оронч үйлдэл огт биш. Энэ бол дотоодын хагаралыг хөөсрүүлэх, хөршүүдээ хоорондын хэрүүлдээ татан оролцуулах тэнэглэл’ гээд товч, тодорхой оноод дүгнэчихсэн.
Хамгийн эмгэнэлтэй нь, биднийг хятадуудыг үзэн ядаж суухад бүх дэлхий тэдэнд үүдээ нээж байна. Яагаад гэвэл тэдний мөнгө эдийн засагт нь хэрэгтэй учраас. Найрсаг загнаад, сайхан үйлчлээд мөнгийг нь аваад үлдэх арга ухаантай учраас. Харин бид тэднийг хөөж, зодож, харааж зүхлээ гээд хариу ололт нь юу байгаа юм бэ. Олон жил хятад муухай, бид сайхан гэж ярилаа. Одоо ядаж өөрсдөөсөө ичье.
Наад зах нь хятадыг хараалаа гээд хариуд нь өмнөд хөрш долоо хоног хилээ хаахад Монгол будаа. Экспорт, импорт нь нам зогсох эрсдэлтэй. Энэ тохиолдол бид юугаа өмсөх вэ. Нүүрс, зэс, газрын тосоо хэнд зарах вэ. Монгол Улсын экспортын орлогын 70 хувийг шахам дангаараа бүрдүүлдэг уул уурхайн түүхий эдийг өнөөдөр зөвхөн Хятад улсад бид зардаг.
Харин манай эх орончид хийгээд миний эх орны үзэн ядагчдын хувьд эдийн засаг, тусгаар тогтнол, стратегийн харилцаа бол цаашаа бололтой. Хятадыг харааж таашаал авдаг, вьетнамчуудыг зодож мөнгө авда гэх орончид Монголд олон.
Хөршөө, хөрөнгө оруулагчдаа үзэн ядах босоо хөх монголчууд маань харин Хятадад үйлдвэрлэсэн хувцас өмсөж, гадаадад үйлдвэрлэсэн гар утсаар гангардаг гэж мөрийцсөн ч болно доо.
Г.ХОРОЛ