‘Нуурын ус шиг мэлтэлзсэн хайлган цагаан сэтгэлтэй. Хуурын хөг шиг эгшиглэсэн хонхны уяхан дуутай’ баяр, гунигтай өдрүүд. Амьдралынхаа алтан түлхүүрийг атгахаар тэмүүлж яваа 12 дугаар ангийнхан.
Ангид ороход бужигналдаж байсан сурагчид чимээгүй болж, өөрсдийн суудал руугаа гүйлдэв. Сүүлийн долоо хоног хичээл ороогүй ч сурагчид шалгалтдаа бэлтгэхээр ангиараа цуглажээ.
Энэ анги бол Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн 12Б анги. Тус анги 25 сурагчтай ажээ. Спортын сургууль тул сурагчид бүгд тамирчин болох зорилготой болов уу гэтэл тийм биш аж. Ангиас ердөө гурван сурагч тамирчин болохоор шийдэж. Харин бусад нь инженер, байгаль хамгаалагч, багш зэрэг өөр мэргэжлээр суралцахаар төлөвлөснөө ярилаа. Сурагчид спортод дуртай, мөн эрүүл байх үүднээс спортын сургууль сонгон суралцсан нь энэ ажээ. Ангийн сурагчдын тал хувь нь нийслэлийнх бол үлдсэн хувь нь Хөвсгөл, Архангай, Завхан зэрэг орон нутгаас шилжин иржээ. Учир нь, биеийн тамирын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль улсын хэмжээнд найм байдаг ч орон нутагт нэг ч байдаггүй юм байна. Тус сургуулийн сурагчид хичээлийн дараа өдөр бүр гурван цагийн бэлтгэл хийдэг аж.
Эхэндээ ичиж, бэргэж байсан сурагчид сүүлдээ ам уралдан ярьцгааж гарав. Ингээд ангийн хамгийн онцлог сурагчдаа нэрлэцгээв.
Нэгэн сурагч “Манай ангийн хамгийн намхан нь Т.Түвшинтөгөлдөр. Өндөр нь метр 30” гэхэд намхан бор хүү босч ирснээ “Үгүй шүү. Би метр 50-тай” гэв. Харин хамгийн өндөр нь Д.Мөнхтулга аж. Тэрбээр 1.9 метр гэнэ. Ангийн хамгийн онц сурдаг нь мөн л Т.Түвшинтөгөлдөр. Хүү барилгын инженерээр сурахаар төлөвлөжээ. Харин ангийн хамгийн спортлог нь Ц.Энхчимэг. Ц.Энхчимэг нь жүдогоор хичээллэж, олон амжилт үзүүлсэн бөгөөд ангийн дарга.
Ийм амжилтын эзэн болно гэж төсөөлөөгүй
Ц.Энхчимэг 2017, 2018 оны Самбогийн улсын аварга. Мөн энэ жил өсвөр насыг алгасан дээд насныхантайгаа барилдаж, Азийн аварга болоод зогсохгүй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Одоо Гүржид болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байгаа юм байна. Мөнгөн хонхны баяраараа Олон улсын хэмжээний мастер болжээ. Ц.Энхчимэг VIII ангиасаа тус сургуульд шилжиж ирсэн гэв. Ингэхдээ өөрийгөө ийм амжилтын эзэн болно гэж төсөөлөөгүй гэнэ. Эрүүл мэнддээ анхаарч, бэлтгэл хийж, хөдөлгөөнтэй байя гэж шийдсэний улмаас тус сургуульд оржээ. Тэрбээр “Би энэ сургуульд орсныгоо их зөв сонголт гэж боддог. Гэхдээ спорт зөвхөн залуу насны “найз” болохоор давхар өөр мэргэжлээр суралцана. Уг нь сэтгүүлч болохыг мөрөөддөг. Гэхдээ спортоос өөр чиглэлийн сургуульд орохоор бэлтгэл хийх боломж гарахгүй. Тиймээс эхлээд спортын сургуульд сурна. Дараа нь, хоёр дахь мэргэжлээрээ сургуульд орно. Элсэлтийн ерөнхий шалгалтаа (ЭЕШ) Монгол хэл, англи хэл, математик, нийгмийн хичээлээр өгнө. Бэлтгэлийн хажуугаар ЭЕШ-ндаа бэлдэж байгаа. Арван жилээ төгсөөд, ангийн найзуудаа орхиод явна гэхээр уйлмаар болоод байгаа” гэлээ.
Хөвсгөлийн сайхан байгалийг хамгаална
Түүний арын ширээнд ангийнхан дундаа жижиг биетэй нэгэн охин сууж байгаа нь содон харагдав. Тэрбээр “Намайг Э.Энхдарь гэдэг. Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас энэ жил спортын сургуульд ирсэн. Хөвсгөл их гоё байгальтай. Тиймээс байгаль хамгаалагч, судлаач, аялал жуулчлалын мэргэжилтэн болно. Элсэлтийн шалгалтаа монгол хэл, англи хэл, газарзүйн хичээлээр өгнө. Барилдах дуртай болохоор энэ сургуульд шилжиж ирсэн” гэсэн юм.
Мэргэжлийн тулаанч болно
Тус ангид мэргэжлийн тулаанч болох сурагч бий. Тэр бол Д.Содномдорж. Тэрбээр “Би UFC-чин болно. Тулалдах нь миний сонирхол. Хөвгүүд сайн зодолддог байвал гоё ш дээ. Сагс тоглож байгаад муудалцаад, бүр зодолдоод тэгээд хамраа сүрхий гэмтээж байсан. Түүнээс өөрөөр зодуулж байгаагүй. Бас өөр мэргэжилтэй болно. Тэр нь байгаль хамгаалагч” гэлээ.
Зарим сурагчдын утас дуугарч, “За, одоо очлоо…” гэж байлаа. Ээж, аав нь дуудаж байгаа бололтой. Тиймээс яриагаа энд хүргээд өндөрлөв. Сурагчид маргааш /2018.6.7/ англи хэл, монгол хэлний улсын шалгалт өгснөөр дунд сургуулийн сүүлийн жилийн хичээл өндөрлөх юм байна.
Сонирхуулахад, 12Б ангийнхан 2025 онд уулзалдахаар товложээ. Сурагчид “Тэр үед бид ямар болсон байх бол” гэж бодохоор төсөөлөгдөхгүй байгаа” гэлээ. Бас “Маргааш шалгалтаа өгчихөөд дахин сургуульдаа ирэхгүй, ангидаа хичээллэхгүй гэхээр цаанаа л гунигтай байна” гэцгээж байв. Дасал болсон анги, дэндүү дотно нөхдөө орхино гэдэг гунигтай ч, дунд сургуулиа төгсчихвөл бүх зүйл хүссэнээр болох мэт төсөөлөн яарч, догдлон суугаа сурагчдадаа амьдралын дараагийн шат бүр нь мөрөөдөл шиг нь гэгээлэг байхыг хүсье.
Р.Ренчиндулам