Сүүлийн үед Зүүн Хойд Азийн асуудал, тэр дундаа Хойд Солонгостой харилцах Вашингтон, Сөүлийн харилцаа дэлхий нийтийн хараанд байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ирэх долоо хоногт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай Сингапурт уулзахаар бэлтгэж буй. Энэ чухал үед олон улсын иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Хурцадмал байдлыг намжаан, итгэлцлийг бэхжүүлэх замаар Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо ‘Blue Sky’ зочид буудалд зохион байгуулж байна. Хоёр өдрийн чуулга уулзалтын гол зорилго нь ирэх 2019 оны гуравдугаар сарын 1-нд тохиох Солонгосын үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойн ач холбогдлыг таниулах, бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, хойгт энхийн дэг журам тогтоох асуудлаар өрнөж буй нааштай алхмуудыг дэмжихэд оршиж байна. БНСУ, АНУ, ОХУ, Хятад, Монголын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, судлаач эрдэмтдийн оролцож буй бага хуралд Хойд Солонгосын талаас төлөөлөгчид оролцсонгүй.
Олон улсын бага хурлаар “Солонгосын үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойн ач холбогдол”, “Солонгосын хойгийн шинэ хавар-нэгдлийн үйл явцын хэтийн төлөв”, “Зүүн Хойд Ази дахь тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам”, “Зүүн Хойд Азийн эдийн засаг” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд хэлэлцүүлэг тус бүрд Монгол Улсын оролцооны асуудлыг санал солилцох юм. Монгол Улс нь Пхеньянтай найрсаг харилцаа, Өмнөд Солонгостой түншлэлийн харилцаатай тул хойгийн нэгдлийн асуудал болон Зүүн Хойд Азийн энх тайвны яриа хэлэлцээрт идэвхтэй оролцдог.
Хуралд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Нэг Солонгос сангийн тэргүүн Жай Пүн Риу, Дэлхийн энхийн сангийн гүйцэтгэх захирал Жеймс Флинн, АНУ дахь Монгол нийгэмлэгийн ерөнхийлөгч, элчин сайд асан Алиша Кампи, АНУ-ын Бүгд Найрамдах намын Хэритэж сангийн судлаач Энтони Ким зэрэг эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, Өмнөд Солонгосын парламентын гишүүн И Жон Гил тэргүүтэй төлөөлөгчид, Японы парламентын гишүүн асан Кимата Ёшитаке болон АНУ, Хятад, ОХУ-ын төлөөлөгчид гэх мэт 80 гаруй хүмүүс оролцож байна. Хурлын төгсгөлд бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, Солонгосын хойгт дэг журам тогтоох асуудлаар өрнөж буй нааштай алхмуудыг дэмжиж, уг үйл явцыг цаашид эргэлт буцалтгүйгээр өрнүүлэхийг иргэний нийгмийн журмаар уриалсан уриалга гаргах юм.
Хойд Солонгос нь энэ 2018 оноос эхлэн олон улсын харилцаандаа анхаарал тавьж, НҮБ болон АНУ-аас тавьж буй хориг арга хэмжээг суллах зорилгоор дэвшилтэт арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ нь Хойд Солонгос төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайван, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.Иймд тус үйл ажиллагааг дэмжсэн олон улсын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулж байна. Дараагийн хурал Япон улсад болохоор товложээ.
Б.ТУЯА