“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Төрийн ордны Их танхимд өнөөдөр /2018.06.07/ эдийн засгийн чуулга уулзалт болж байна. Чуулга уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлcэн бөгөөд УИХ-ын гишүүн, сайд нараас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй Оросын албаны болон бизнесийн төлөөллүүд оролцов.
ОХУ-тай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсон. Хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь өнөөгийн шатанд гол зорилт болон дэвшиж байгаа юм. Монгол Улс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тэнцвэртэй байдлыг хадгалж, хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн үгэндээ онцоллоо.
Тэрбээр “Манай хоёр улс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспорт, импортын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах нь шаардлага байна. Манай хоёр улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа товчхон хэлэхэд нэн чамлалттай байгаа. Үүнд хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй даруй засаж залруулах, сайжруулах хэрэгтэй гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Бид ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй, эрчтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд “Улаанбаатар төмөр зам” -тай дүйцэхүйц томоохон 1-2 төслийг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байгаа юм. Оросын хөрөнгө оруулалт, технологиор мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан Орос, Евразийн эдийн засгийн холбооны стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортолж гаргах бүрэн боломж бидэнд бий. Энэ зорилгод “Алтанбулаг”-ийн чөлөөт бүсийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй нөхцөлүүдийг бид дүүрэн ашиглах нь зүйтэй. Эрчимтэй хөгжиж буй хоёр аварга зах зээлийн дунд оршдог нь манай улсын хувьд далайд гарцгүй байдлаа даван дийлэх том боломж юм. Хоёр хөршөө болон Евроазийн хоёр эргийг холбох тээврийн шугам болох боломжоо ашиглахын тулд бид “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг эрчимтэй хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээг сүүлийн 20 гаруй жил Монгол Улсад зохион байгуулагдаж байгаагүй. Энэ удаагийн арга хэмжээнд оролцож байгаа баг бүрэлдэхүүн болоод цар хүрээ нь өргөн болж байна. Энэ үеэр тал талын арга хэмжээг зохион байгуулж цаашид хоёр улсын харилцаанд шинэ харилцаа нээнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын эдийн засгийн харилцааг бодит утгаар баяжуулах, өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага хэрэгцээ бий. Ялангуяа, Монголын төмөр замд шинэчлэлт хийх асуудалд хоёр тал санал нэгтэй байна. Мөн эдийн засгийн коридорыг урагш ахиулах, манай улсын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх талд ОХУ манай талтай байр суурь нэг байна. Цаашид манай улсын хөрөнгө оруулагчид ОХУ-ын хөнгөлөлттэй зах зээл, Эрхүүгийн эдийн засгийн чөлөөт бүсүүдэд 5-10 жилийн хөнгөлөлттэйгөөр хамтран ажиллах бололцоо бүрдэж байгаа гэдгийг Оросын талаас мэдэгдсэн. Тарифын болон тарифын бус татварыг бууруулахад хууль тогтоох байгууллагууд хамтран ажиллаж цаашид хилийн бүс орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх санал санаачлага гарлаа. Цаашлаад “Эрдэнэт” үйлдвэртэй дүйцэхүйц томоохон төслүүдийг хамтдаа хэрэгжүүлэх бололцоо бий гэж үзэж байгаа. Мөн транзит тээврийн чиглэлээр хамтран ажиллах гарцуудыг ярилцаж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-“Монгол-Оросын санаачилга-2018 арга хэмжээнээс гарах гол үр дүн нь хоёр улс хоорондоо худалдааны хөрөнгө оруулалт тал дээр үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага байгаа юм. Тухайлбал, бид худалдааны бодлого явуулахад өөрийнхөө стандартыг сайжруулах буюу чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар ярьж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээргүйгээр ч гэсэн манай бараа бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлд гарахад зохих стандарт гэж байх ёстой. Малын эрүүл ахуйг сайжруулах тогтолцоогоо бид бүрдүүлж үүнд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэхүү арга хэмжээгээр хоёр улсын бизнес эрхлэгчид уулзаж, мэдээлэл солилцож байгаа нь цаашид үр дүн авчирна гэдэгт итгэж байна. Бид хил орчмын худалдааг хөгжүүлэхээр зорьж байна. Тэнд ажлын байр олноор бий болдог учир төр анхаарах зайлшгүй шаардлагатай.
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш:
-ОХУ-тай гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахад тарифын болон тарифын бус бэрхшээл гэж бий. Тарифын бэрхшээл гэдэгт манай улсын бүтээгдэхүүнүүд ОХУ-ын зах зээл рүү гарахад тодорхой хэмжээгээр төрөл бүрийн зөвшөөрөл авдаг хүндрэл бий. ОХУ-ын зах зээл болон Евроазийн холбоонд нэгдсэн таван орны зах зээл рүү манайх бүтээгдэхүүнээ гардаг. Тиймээс манай бүтээгдэхүүнүүд тухайн орны хүнсний стандартад нийцсэн байх шаардлагатай. Үүнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд манай улсын холбогдох мэргэжлийн байгууллагууд Евроазийн эдийн засгийн комисстой техникийн нөхцөлөө сайжруулах чиглэлд хэлэлцээр хийж байгаа. ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Монгол, Оросын эдийн засгийн чуулга уулзалт болон Монгол, Оросын санаачилга 2018 цуврал арга хэмжээ Төрийн ордонд үргэлжилж байна.