Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай аралд байрлуулсан пуужингийн системээ Бээжин устгасан байж магадгүй байна. Өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын Парасел, Спратль арлуудад хэд хэдэн пуужингийн систем байрлуулснаар тус бүс нутаг дахь Америкийн хүчинд аюул учруулж болзошгүй нөхцөл үүсгэлээи гэж шүүмжлүүлж байсан юм. Хиймэл дагуулын зургаар Хятадын пуужингийн систем гэнэтхэн харагдахаа больжээ. Үүний дараахан B-52 бөмбөгдөгч онгоц Спратль арлын дээгүүр энэ долоо хоногт ниссэн нь цэргийн сургуулилт байсан гэж Америкийн нисэх хүчнээс мэдээлжээ. БНХАУ-ын зүгээс B-52 бөмбөгдөгч онгоц арлын дээгүүр ниссэн нь цэргийн сургуулилт биш аюул заналхийлэл гэж тодорхойлоод, ийм төрлийн онгоц агаарт чөлөөтэй нисч байж таарахгүй гэжээ.
Израилийн тагнуулын байгууллага Хятад пуужингийн системээ устгасан эсвэл өөр газар байрлуулсан гэжээ. Харин АНУ-ын батлан хамгаалахын яамнаас үүнийг Хятадын өнгөлөн далдалт гэж үзэж байгаа юм. Шинжээчдийн хэлж байгаагаар пуужингууд нь давстай усанд өртөх магадлалтай тул пуужин байрлуулах боломжгүй болж, өөр газар байрлуулахад хүрсэн байх магадлалтай гэжээ. Хятадын талаас үүнд тодорхой хариу өгөөгүй байгаа юм.