С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах хүсэлт хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.07-нд нийтлэгдсэн

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах хүсэлт хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хориод бараг хоёр сар болж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээний асуудлаар тэднийг хорьж шалгаж байгаа юм. Экс Ерөнхий сайдуудыг хорьсон асуудал улс төрийн хүрээнд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа бөгөөд хорьж шалгах үндэслэлгүй гэх хүмүүс ч цөөнгүй байсан. Зарим хүмүүсийн зүгээс хуулийнхан орчин цагийн хэлмэгдүүлэлт эхлүүлэв үү гэсэн байр суурийг илэрхийлж байв. Тэгвэл тэдний  цагдан хорионы асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2018.06.07/ хуралдахаар тов зарлагдсан ч маргааш болтол хойшлогдлоо.  Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох санал шүүхэд хүргүүлсэн байна.  Тодруулбал, тэдэнд хилийн хорио тавьж, батлан даалтад гаргах санал хүргүүлжээ. Тэд эрүүл мэндийн шалтгаанаар II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Ч.Сайханбилэг өчигдөр хагалгаанд орсон. Тэдний эрүүл мэнд сайжирсан гэх мэдээлэлийг тус эмнэлгээс өгөөд байгаа юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч өмнө нь ‘2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр  15.00 цагт Ч.Сайханбилэгийг гэрчээр асууна гэж АТГ-аас дуудсан. Манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэг АТГ дуудсан цагт, дуудсан хугацаанд нь очсон.  Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайд байсны хувь энэ хүн төрийн тусгай хамгаалалтад байх ёстой. Учир нь Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын хууль гэж байна. Энэ хууль буугаагүй байхад төрийн хамгаалалтад байгаа хүний зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу баривчилдаг. Төрийн тусгай хамгаалалтын хугацаа 4 жил хүчинтэй байдаг. Энэ хуулийг зөрчиж баривчилсан’ гэсэн бол  С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа ‘Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цагийн үед шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан. Ингэхдээ гэмт хэргийн баримт нотолгоог гээх, үрэгдүүлэх, устгах, зөөвөрлөх гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. С.Баярыг баривчилсан гол зүйл нь Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал. Оюултолгойн гэрээг байгуулснаар энэ хүн их хэмжээний авлигал авсан гэж 10 гаруй жил ярьж байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримт өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архивт хадгалагдаж байгаа. Гэтэл түүнийг зөөвөрлөх, устгах, үрэгдүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр баривчилсан нь буруу’ гэсэн тайлбар өгч байлаа.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж