-Төрийн албыг улс төрөөс хараат бус байлгах нөхцөлийг ярьж, бүрдүүлж байгаа хэдий ч бодит байдал дээр хараат байна. Тиймээс Төрийн албаны хуулийг шинэчлэх хүрээнд үүнийг хэрхэн тусгаж өгөх хэрэгтэй юм бол?
-Зөвхөн хараат бусаас гадна өөр олон зарчмыг хуулийн төсөлд оруулж байна. Одоогоор хуулийн төсөл Засгийн газарт байгаа. Төрийн албыг улс төрөөс ангид байлгах нь хамгийн гол зарчим юм. Мөн төрийн албан хаагчдыг ажил мэргэжлийн туршлага, мэргэжлийн чадварыг нь харгалзаад тодорхой түвшинд сонгон шалгаруулдаг “Мерит” системийн чиглэлээр зарчмын өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын удирдлагын түвшинд хүлээж байгаа үүрэг, хариуцлагыг ялгаж зааглахдаа тодорхой болгох өөрчлөлт орно.
-Төрийн албанд цалингийн тухай яригддаг. Учир нь цалингаас болж улс төрөөс хараат болох ч хандлага бий?
-Мэргэшсэн төрийн албан хаагчдын авч байгаа цалин улс төрийн юм уу өөр ямар нэгэн замаар тухайн байгууллагад орж ирсэн удирдлагаас илүү өндөр байх зарчим хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл төрийн албанд ажиллаж байгаа хүн заавал ямар нэг улс төрийн нам, улстөрчтэй холбоотой байж аль нэг байгууллагын удирдлагад очих сонирхол харагддаг юм шиг. Харин энэ төсөөллийг арилгах үүднээс төрийн албанд тогтвортой, үнэнч, шударга ажиллаж байгаа хүний амьдралын баталгаатай байх шинэчлэлт өөрчлөлтийг л хийх ёстой юм.
-Тавантолгой болон зарим асуудалтай холбоотойгоор ээлжит бус чуулган хуралдуулах сураг бий. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Намрын чуулган хугацаандаа эхлэх болов уу гэж бодож байна. Одоогоор ээлжит бус чуулган зарласан зүйл алга. Ээлжит бус чуулган зарлах нь миний эрхийн асуудал биш. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын дарга зарладаг.
-УИХ-ын зарим гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал юу болж байгаа вэ. Мөн намрын чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ямар асуудал анхаарал татаж байна вэ?
-УИХ-ын гишүүн байнгын хорооны даргын хувьд намрын чуулганы бэлтгэл ажлаа ханган ажлын хэсгээ хуралдуулж байгаа.
Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамтай ярилцлаа.
-Төрийн албаны зөвлөлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах шинэчлэлтийн төсөл дээр Канад улстай хамтран ажиллаж байгаа. Канадын төрийн албаны зөвлөлийн тухайд туршлага арвинтай байх. Харин хамтарч ажиллаж байгаагийн хувьд туршлагаас нь хуульд тусгах шаардлагатай ямар асуудал байна вэ?
-Канадын төрийн алба төлөвшсөн байдлаараа улс орнуудтай харьцуулахад үлгэр жишээ төрийн албаны зөвлөлд тооцогддог. Энэ байгууллага нь 1908 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй юм. Чиг үүргийн тухайд УИХ байгуулдаг, даргыг нь сонгодог, ажлаа тайлагнадаг гээд манай Төрийн албаны зөвлөлтэй адилхан. Харин манайхаас ялгаатай тал нь чиг үүргийн хувьд их цөөн боловч 1000 ажилтантай гэхээр их өргөн хүрээтэй ажилладаг. Цөөн чиг үүрэг дотор нь төрийн албаны томилгоог хариуцаж, аудит хийдэг, шаардлагатай бол шалгаж, арга хэмжээ авдаг байгууллага. Тиймээс бид Канадын төрийн албаны зөвлөл, комисс хоёрын чиг үүргийн харьцуулсан судалгаа хийж, тодорхой дүгнэлтэд хүрсэн.
-Чухам ямар дүгнэлтэд хүрэв?
-Монголын төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Канадынхтай төстэй болгоё. Хамгийн чухал нь томилгооны асуудлаа хариуцъя гэдэг. Томилгоо шударга байна уу, ажлын байрны шаардлагад нийцсэн хүн мөн үү, ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилгүй юү гэдгийг шалгаж, арга хэмжээ авдаг, зөрчлийг арилгах нөхцөлийг бүрдүүлэх талаас нь ажилладаг байгууллага байх хэрэгтэй юм. Энэ чиглэлээр Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Канадын талтай хамтарч ажиллаж байна.
-Засгийн газар солигдох бүрт улс төрийн шалгуураар төрийн албыг шинэчилдэг. Гэтэл хууль бус томилгоо явагдсан тохиолдолд арга хэмжээ авч байгаа нь төдийлөн анзаарагддаггүй шүү дээ?
-Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэг нь өргөн хүрээтэй.Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг УИХ хүчингүй болгох учиртай. Харин бусад албан тушаалтны шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгох эрхтэй. Үүний дагуу бид хүчингүй болгодог. Ингэж хүчингүй болгодог хэрнээ зөрчил тэр бүр арилахгүй байгаа ч багасаж байна.
"Улс төрийн тойм" сонин