Дэлхийн цэргийн спортын холбооны буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-өөс зургадугаар сарын 6-ны хооронд Швейцарь улсын Тун хотод боллоо. 50 дахь удаагийн тус тэмцээнд 48 орны мэргэн буучид цэц мэргэнээ сорьсон юм.
Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа аваргын алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл түүний медалийг зохион байгуулагчид нь хураасан байна. Учир нь, түүнийг хүзүүндээ лент нааж байгаад оролцсон нь тэмцээний дүрмийг зөрчсөн гэж үзжээ.
Буудлагын спорт шударга шүүлттэй спорт. Лентний шалгалтыг тэмцээн дууссаны дараа хийдэг байна. Мөн энэхүү дүрмийг 10 жилийн өмнөөс мөрдөж эхэлжээ. Тиймээс зохион байгуулагчид дүрмээ барьсныг мэргэжилтнүүд хэлж байна.
Армийн ДАШТ-д тамирчид өөрийн улсын Буудлага, спортын холбооны шугамаар бус, Батлан хамгаалах яамаараа дамжуулан оролцдог аж. Энэхүү тэмцээнийг Олон улсын буудлага спортын холбооноос зохион байгуулаагүй юм байна.
Швейцарьт болсон армийн ДАШТ-д манай эмэгтэй баг спорт гар бууны дасгалд хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд О.Гүндэгмаа, Т.Баярмаа, Г.Хэрлэнцэцэг нар багтсан юм.
Дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлагад оролцсон баг тамирчид эх орондоо ирээгүй байна.