Төв цэвэрлэхийн үнэр 50 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Төв цэвэрлэхийн үнэр 50 хувиар буурчээ

Төв цэвэрлэхийн үнэр 50 хувиар буурчээ

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаад бид Барилга, хот байгуулалтын яамыг онцолж байна.


Өмхий үнэрийг дарахаар гумины уусмал ашиглаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх, чадахгүй бол хар толгойтой чинь ярина шүү хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэгдэж байв. Үүнээс хойш бараг долоон сарын хугацаа өнгөрч. Тус яамны зүгээс Төв цэвэрлэх байгууламжид шат дараатай арга хэмжээ авч буй ч энэ зундаа нийслэлчүүд өмхий үнэрээс салж чадахгүй гэдгийг салбарын сайд нь хэлж байна. Тус яамнаас 2018 онд төлөвлөгдсөн ажлын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайн 34 карт дахь 250000м3 орчим лагийг гумины хүчил ашиглан үнэрийг арилгах, хуримтлагдсан болон өдөр тутмын шингэн лагийг бордоо болгох ажлыг хийж байгаа гэнэ. Үүний эхний ажил болох овоолсон болон картууд дахь лагийн үнэрийг тархаахгүйн тулд гумины уусмалыг цацах ажлыг “Хийрэв” ХХК хариуцан хийжээ. Тус компани гэрээний дагуу дөрөвдүгээр сарын 16-аас тавдугаар сарын 28-ны хооронд өмхий үнэр дарах ажлыг хийсэн байна. Мөн өдөр тутам гарч байгаа шингэн лаг дээр гумины уусмалыг цацаж лагийн үнэрийг дарж байгаа гэнэ. Уусмал цацсаны үр дүнд үнэр 50 хувь дарагдсан гэх үзүүлэлтэй гарчээ.

Ипотекийн зээлийн хүүг долоон хувь болгох боломж байгаа

Ипотекийн зээлд хамрагдах иргэдийн зах зээл ханасан гэж эдийн засагчид дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа 30 хувиа өгөөд найман хувийн зээлд хамрагдах иргэдийн эрэлт дууссан. Тиймээс ипотекийн зээлийн хүү болон урьдчилгааг бууруулах сонирхол олон нийтийн дунд бий. Үүнтэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь, хүүг 7,5 хувь болгох санал гаргасан ч ОУВС-ийн зөвшөөрөөгүй учраас ийнхүү энэ асуудал гацсан байна. Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа 30 хувь нь бүрдэхгүй, зах зээлд борлуулагдаж байгаа орон сууцны үнэ өндөр, өрхийн орлого нь зээл төлөлтөд хүрэлцэхгүй гэх мэт шалтгаануудаар иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа гэжээ.

2018 оны гуравдугаар сарын байдлаар нийслэлд 380 мянган өрх амьдарч байна. Үүний 160 мянга нь орон сууцанд, 217 мянган өрх нь гэр хороололд амьдарч байна. Орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ давчихсан, 5822 айлын орон сууц борлогдоогүй байна. Гэр хороололд байгаа 217 мянган өрх орон сууцанд орох хүсэлтэй байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн гэр хороололд амьдарч байгаа 217 мянган өрхийн санхүүгийн байдлыг судлаад үзэхээр 16 хувь нь  ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг төлж, зээлд хамрагдах чадамжтай гэсэн байна. Тиймээс урьдчилгаа, хүүг бууруулах боломжийг яамны зүгээс Засгийн газарт байнга тавьж байгаа гэнэ.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн “Судалгааны үр дүнгээс урьдчилгаа 30 хувь төлөөд найман хувийн хүүтэй зээл авах боломж ард иргэдэд байхгүй нь харагдаж байна. Тиймээс эхний ээлжинд ядаж хөдөө орон нутаг, хотын зах орчмын хороололд ипотекийн зээл олгохдоо урьдчилгааг 25 хувь, хүүг долоон хувь болгож бууруулаач ээ гэсэн хүсэлтийг байнга тавьсаар байгаа” гэжээ.

Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн үргэлжилж буйг хэлдэг. Гэвч арилжааны банкууд дээр ипотекийн зээл олгогдохгүй байна гэх иргэдийн шүүмжлэл их байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж